ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХУУЧИН ЖУРМААР ОЛГОХ, ЭСЭХИЙГ ЭНЭ САРЫН 12-НД ШИЙДНЭ

GNNGNN
Jun 10, 2025  
 0
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХУУЧИН ЖУРМААР ОЛГОХ, ЭСЭХИЙГ ЭНЭ САРЫН 12-НД ШИЙДНЭ

Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг нэмэгдүүлсэн.

Тодруулбал, ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон юм. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм. Үүнээс болж ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй төгрөгийн зээл авдаг болсон билээ. Тэгвэл Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан. Эдгээр шаардлагыг үндэслэн Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн юм. Тодруулбал, энэ сарын 12-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж гуравдугаар сард гаргасан шийдвэрээ эргэн хэлэлцэх аж.

Нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй ба эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж байна. Энэ мөнгө тэдний амьжиргаанд хаанаа ч хүрэлцдэггүй. Мөн тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар Монголбанкнаас мэдээлж байсан юм.