ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРЫГ 25 ДАХЬ УДААГАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Өмнөговь аймаг Түмэн тэмээний баяраа энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ.
2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн Геннисийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160 000 шахам толгой тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг болоод байна.
Энэ жил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэмээний баяраа нэг сараар наашлуулж зохион байгуулж байна. Цаашид мөн хоёрдугаар сарын эхээр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Түмэн тэмээний баярт Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас тэмээчид оролцож байна. Мөн дотоод гадаадаас оролцогч жуулчдын тоо ч өссөөр байна гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх ярилаа.
УИХ-ын даргын шийдвэрээр өнгөрсөн жилээс тэмээний алдарт уяач цол олгож эхэлсэн. Анхны алдарт уяач цолыг Өмнөговь, Баянхонгор аймгийн малчид авчээ.
Түмэн тэмээний баярт оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцож болох юм байна.
Тэмээний баяр тэмээний поло, тайлаг, тором гээд тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айрагны баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх хүндлэх ёс” хөөрөгний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20-иод хөтөлбөртэй юм байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын гол , Баянзагын тэмээний аялалд оролцогчид, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байна гэж аймгийн үйлдвэрлэгчид танилцууллаа.
Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймгийнх юм байна. Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14 цагт албан ёсоор эхэлнэ.