СОЁЛЫН БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЖ БУЙ ХЯТАД ИРГЭДИЙН АСУУДАЛД ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Сүүлийн жилүүдэд соёлын биет болон биет бус өвийг хууль бусаар хил давуулахыг завдсан гэмт хэрэг бүртгэгдэх болсон нь олон нийтийн санааг зовоох боллоо. Тэр дундаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд дунд монголд олон жил оршин суусан гадаадын иргэд багтаж байгаа нь анхаарал татаж буй юм. Хамгийн сүүлд гэхэд, Монгол Улсад 26 жил оршин суусан БНХАУ-ын иргэн Рен жиёонг, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар гаргасан нь тогтоогджээ.
Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу тухайн хятад иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн иргэд манай улсад оршин суух хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг тодорхой давтамжтай үйлддэг байсан байж болзошгүй бөгөөд хамгийн сүүлд үйлдэл дээрээ баригдсан нь энэ аж. Одоогоор тухайн иргэдийг албадан буцаасан боловч, монгол руу дахин нэвтрэхийг оролдсоор байгаа талаар мэдээлэл байна.
Иймд энэ мэт соёлын өв дурсгалыг гадаад улс руу тодорхой зорилготойгоор гаргахыг оролдож байгаа үйлдэлд хууль хүчнийхэн төдийгүй гааль, Гадаадын иргэн харъяатын газар анхаарал хандуулж, "нүд чих" болох ёстой байна.