​“SILK ROAD CARAVAN” САНААЧИЛГАД МОНГОЛ УЛСЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЛЭЭ

GNNGNN
Aug 28, 2026  
 0
​“SILK ROAD CARAVAN” САНААЧИЛГАД МОНГОЛ УЛСЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЛЭЭ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ын “Silk Road Caravan” олон улсын санаачилгыг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэг, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг үнэлж, тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын "Талархлын гэрчилгээ"-г Монгол Улсад гардууллаа.

​Талархлын гэрчилгээг UNCCD-ийн Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны албаны дарга Ксения Сканлон өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэд гардуулан өгөв.

​“Silk Road Caravan” нь UNCCD-ийн COP16-аас COP17 хүртэлх замналын хүрээнд улс орон, ард иргэдийг холбож, газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын амьдрал, уламжлалт мэдлэг, нүүдлийн өв соёлын үнэ цэнийг олон улсад таниулах зорилготой. Монгол Улс энэхүү санаачилгын чухал хэсэг болсон бөгөөд төслийн баг манай орны нутгаар аялж, малчид, орон нутгийн иргэд, судлаачид, залуучуудтай биечлэн уулзсан. Ингэснээр бэлчээрийн экосистем, нүүдлийн өв соёл, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэг, туршлагыг олон улсад хүргэх түүх, дүрс бичлэг бүхий контентуудыг бүтээжээ.

​Тус санаачилга нь "Олон улсын бэлчээр ба малчдын жил–2026" болон Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай нягт уялдан хэрэгжсэн билээ. Энэ нь Монголын нүүдлийн өв соёл, малчдын уламжлалт мэдлэг, бэлчээрийн тогтвортой ашиглалтын туршлагыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой байлаа.

​Энэхүү санаачилгыг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын баг, төрийн болон орон нутгийн байгууллагууд, малчид, залуучууд болон нийт оролцогч талуудад талархал илэрхийлье.