СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СУУРЬШЛЫН БҮСЭД МОГОЙ ОРЖ ИРЛЭЭ ГЭХ ДУУДЛАГА БҮРТГЭГДСЭЭР БАЙНА

GNNGNN
Jun 9, 2025  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СУУРЬШЛЫН БҮСЭД МОГОЙ ОРЖ ИРЛЭЭ ГЭХ ДУУДЛАГА БҮРТГЭГДСЭЭР БАЙНА

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Урин дулааны улирал эхлэсэн үед могой суурьшлийн бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 

 Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могой нь хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууц, аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, автограшаас олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дулааны улирал эхэлсэнтэйгээр суурьшлын бүсэд орж ирсэн амьтны дуудлагаар могойн дуудлага ирж байгаа бөгөөд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.