СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨЧИГДӨР ТУУЛ ГОЛД ГУРВАН ИРГЭН ОСОЛДОЖ НАС БАРЖЭЭ

GNNGNN
Jun 17, 2026  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨЧИГДӨР ТУУЛ ГОЛД ГУРВАН ИРГЭН ОСОЛДОЖ НАС БАРЖЭЭ

Өчигдөр буюу /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн 20-р хороонд, Туулд голд хүн живсэн" гэх дуудлага зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:44 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн "Хан-Уул дүүрэг 9-р хороонд Туул голд хоёр иргэн живсэн" дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, 20-51 настай хоёр иргэнийг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.