СЭЛБЭ ДЭД ТӨВ АНХНЫ ЖИШИГ “20 МИНУТЫН ХОТ” БОЛНО

GNNGNN
Mar 26, 2025  
 0
СЭЛБЭ ДЭД ТӨВ АНХНЫ ЖИШИГ “20 МИНУТЫН ХОТ” БОЛНО

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан.

Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцсэн юм.

Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд

  • 10068 өрхийн 113 орон сууц,
  • 177 км авто зам,
  • 43 км явган зам,
  • 28.9 км дугуйн зам,
  • 3.6 га тоглоомын талбай,
  • гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах аж.

Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.