САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРГЭДИЙН ГОМДЛООР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Олон нийтийн цахим сүлжээнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Таван толгой түлш ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 12 дугаар сарын 04-ний өдрөөс Салбарын хяналтын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тодруулбал, Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрсийг дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлсэн байна.
Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.
Мөн дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу шилжүүлэн хяналт шалгалт үргэлжилж байна гэж БОУАӨЯ-аас мэдээллээ.