СҮҮЛИЙН 70 ГАРУЙ ЖИЛ НҮҮРЛЭЭГҮЙ ХҮЧТЭЙ ХАР САЛХИ ШАНХАЙ ХОТЫГ ДАЙРАН ӨНГӨРЧ БАЙНА
Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд нүүрлээгүй хамгийн хүчтэй хар салхи Хятадын санхүүгийн төвийг дайран өнгөрч байгаатай холбогдуулан Шанхай хотын эрх баригчид өнөө өглөө нислэгүүдийг цуцалж, галт тэрэг, хурдны замын хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Орон нутгийн цагаар өнөө өглөөний 7:30 цагийн орчимд 25 сая хүн амтай хотын зүүн өмнөд хэсэгт орших аж үйлдвэрийн захын дүүрэгт “Бебинка” хар салхины улмаас хөрсний нуралт үүсжээ. Хар салхины сэрэмжлүүлгийн нэгдсэн төвөөс мэдээлснээр, Атлантын далайн нэгдүгээр түвшний хар салхитай тэнцэхүйц хүчтэй шуурга 130 км/цагийн хурдтайгаар урагшилж байна.
Энэ шуурга нь 1949 оноос хойш Шанхайг дайрч байгаа хамгийн хүчтэй шуурга гэж Хятадын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ. Хятадын Цаг уурын газраас даваа гарагт хар салхины хамгийн хүчтэй буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаж, Хятадын зүүн нутгаар хүчтэй салхи шуурч, аадар бороо орохыг анхааруулсан байна.
Хүчтэй шуурга ням гарагт эхэлсэн намрын дунд сарын баяраар /Сарны баяр/ амарч зугаалах гэсэн хүмүүсийн төлөвлөгөөг тасалдуулжээ. Шанхай хотын олон улсын хоёр нисэх онгоцны буудлын бүх нислэг ням гаргийн 20:00 цагаас хойш цуцлагдсан байна. Мөн ихэнх галт тэрэг, гатлага онгоцны хөдөлгөөн түр зогссон бол хотын зарим хурдны зам, гүүрийг хаажээ. Даваа гарагт Шанхайн “Disney Resort” зэрэг жуулчдын очих дуртай ихэнх газрыг мөн түр хаасан байна.
Эх сурвалж: Montsame.mn