П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖРААГҮЙ, III ЭМНЭЛЭГТ 4 ДЭХ ӨДРӨӨ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 22-ны өдөр хорих 429 дүгээр ангид хоригдож байсан П.Батчулуун эмчийн бие муудаж түргэн тусламжаар III эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн үед түүний охин Б.Хонгорзул цахим хуудастаа “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ.
Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод хоёр сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ. Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна. Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдсэнийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байна. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү" хэмээсэн.
Харин өнөөдөр буюу /2025-05-26/-нд аавынх нь биеийн байдал ямар байгаа талаар тодруулан асуухад "Гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь очсон үеийнхтэйгээ адил хүнд буй. Дээрдээгүй" гэх хариултыг өгсөн юм.
Харин П.Батчулуун эмчийн хэвтэн эмчлүүлж байгаа Улсын гуравдугаар төв эмнэлгээс тодруулахад "Тавдугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэл хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал хувь хүний нууцад хамаардаг тул тодорхой хэлэх боломжгүй" хэмээсэн юм.