ОЙН 840, ХЭЭРИЙН 1.3 САЯ ГА ТАЛБАЙ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 41 суманд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь аварчээ. Нийт дуудлагын 59 нь ахуйн, тав нь ой, хээрийн түймрийнх гэнэ.
Мөн хүчтэй салхи, шуурга, их хэмжээний нойтон цас орсон болон хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 16 дуудлага ирсэн байна. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд өчигдрийн байдлаар таван аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.
Тодруулбал, Архангай аймгийн Хайрхан, Дорнодын Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговийн Өндөршил суманд түймэр гарсан байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840, хээрийн 1 385 830 га талбай шатжээ. Мөн 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, малын 75 хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн гэнэ.
Хаврын түймрийн улирал зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг тул ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, өвс, хогийг ил задгай шатаахгүй, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өчигдөр 05.14 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нийслэлийн 111 дүгээр цэцэрлэгт уржигдар гал гарсан байна. Урьдчилсан байдлаар хашаанд байрлах гэр цэцэрлэг шатсан аж.