ОРОСЫН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙНООС ТАТВАР АВНА ГЭСЭН САЙДЫГ ШИЙТГЭНЭ ГЭСЭН ГЭВ ҮҮ
Саяхан ШХАБ”-ын дээд хэмжээний уулзалт болсон. Манайх мэдээж “ажиглаж” байгаад ирлээ. Энэ уулзалт улс төрийн хов ярьдаг “тамхины цэг” дээр нэлээд эрэлттэй нэг яриа дагуулж иржээ.
ШХАБ-ын уулзалтын албан мэдээнүүдийг бүгд хангалттай сонссон биз ээ. Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр талын уулзалтууд хийсэн. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр буюу наймдугаар сарын 31-ний үдээс хойш Бишкек хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хоёр талт уулзалт маш өндөр үр дүнтэй болсон тухай Хятадын CGTN суваг мэдээлсэн байна гэх мэтчилэн. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй мөн уулзсан. ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр улсын ерөнхийлөгч нар есдүгээр сарын 1-ний өдөр Бишкект албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцээ өрнүүлсэн байна. Энэхүү уулзалтаар уламжлалт түншлэлийн харилцаа, эрчим хүчний салбарын төслүүд болон Монголын газар нутгаар дамжих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулах тал дээр санал солилцсон байна гээд. Тэр байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэлэлцэхдээ Оросын ерөнхийлөгч В.Путин “танайх хийн хоолойгоос татвар авна гэж юу яриад байна” гэх утгатай зүйл асуужээ. У.Хүрэлсүх “энэ талаар хариуцсан сайд нь тайлбарлана” гэж. Нөгөө хариуцсан сайд нь “Энэ асуудал олон жил үргэлжлэх том төсөл, тийм учраас нутаг орноо ашиглуулж байгаа учраас бид хэр таарсан татвар авах нь зүйтэй” гэх маягтай үг хэлсэн гэнэ. Тэгвэл ОХУ-ын Владийвостокын уулзалт дээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манайхантай уулзахдаа “хоолойноос татвар авна” гэсэн юм уу даа. Харин манайхан “татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ” гэж ам гарсан гэх юм. Татвар авсан нь зөв баймаар юм. Энэ эх оронч сайд хэн гэдэг нь тодорхой биш байна. Сайд юм чинь МАН-ынх л байх даа. Энэ намаас бас тэгж байгаад эх оронч тодордог удаа бий нь бий л дээ. Тэр нь тэгээд хэлмэгдээд дуусдаг түүхтэй. Харин тэр татвар авна гэсэн сайд хэлмэгдчих вий дээ. Хэн гэдэг нь яваандаа тодорно биз. Харин тэр татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэж юу гэж байгаа юм бол. Зүгээр аргалаад өнгөрөөж байгаа юм болов уу.
Ер нь ингэж “аргалдгаас” болоод хоёр хөрш маань биднийг “худал ярьдаг” гээд тоохгүй болсон шиг байна гэдэг хов бас байна. Бас хоёр хөрштэйгөө нийлээд дээд хэмжээний гуравласан уулзалт хийдэг ч өнгөрсөн бололтой. Энэ удаа лав болсонгүй, болох байтугай тус тусдаа уулзахдаа ч гомдол зарга л ярьдаг болсон юм шиг “цэгээр” дуулдлаа.
Ө.НАЦАГ
