ОХУ-ААС ГУРВАН ӨДРИЙН НӨӨЦ ИРСЭН Ч ИРГЭД ДУГААРЛАЖ, ШАГИЙН БЕНЗИНДЭЭ ТУЛЛАА
Наадмын өдрүүдэд иргэдийн шатахууны хэрэглээ нэмэгдсэн учраас эрэлтээс хамаарсан дараалал, ачаалал үүсэж буй талаар салбарын сайд тайлбарлаж байв.
7-р сарын 30-нд ОХУ-аас Сүхбаатар боомтоор манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ буюу 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн юм.
Уг 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж буйг албаныхан мэдээлсэн.
7-р сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн АИ-92 автобензин Улаанбаатар хотод орж ирснээр ШТС-ууд бага зэргийн цэнэглэлт хийсэн ч иргэд сүүлийн өдрүүдэд шатахуун авахаар дугаарлах нь нэмэгдсээр байна.
Гэтэл үүний хажуугаар гадуур шагийн бензин газар авч, литр нь 8-10 мянган төгрөгийн үнэ хүрэв. Ингэхдээ 5-10 литр шатахууныг байгаа газар нь хүргэж өгнө гэх нэрийдлээр зах зээлийн үнээс даруй хэд дахин нугалж зарж буй юм. Уг нь шатахууныг задгайгаар борлуулахыг хориглодог. Атал шатахууны хомсдол үүссэн энэ үед иргэд дууссан даруйд нь ойрын ШТС-уудад очоод ч бензин авч чадахгүйд хүрч, дууссан газарт нь орхиж задгайгаар худалдан авахаас аргагүйд хүрээд байгаа билээ.
Цаашид холбогдох яам, Засгийн газраас тодорхой, шуурхай арга хэмжээ авахгүй юм бол улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсэж, үүнийг дагасан хүндрэлүүд бий болох эрсдэлтэй болчхоод байна.
