НОХОЙНЫ ҮҮРНЭЭС ОЛДСОН ЯС ГЭМТ ЭТГЭЭДИЙН ХАМТРАН АМЬДРАГЧИЙНХ БОЛОХ НЬ ТОГТООГДЛОО

GNNGNN
Mar 27, 2024  
 0
НОХОЙНЫ ҮҮРНЭЭС ОЛДСОН ЯС ГЭМТ ЭТГЭЭДИЙН ХАМТРАН АМЬДРАГЧИЙНХ БОЛОХ НЬ ТОГТООГДЛОО

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б гэгч 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Хэргийг эргэн сануулахад, Б гэх эрэгтэйтэй хамтран амьдарч байсан иргэн Ц нь 2024 оны нэгдүгээр сарын 18-наас хойш сураггүй алга болсон.Хоёрдугаар сарын 21-нд цагдаагийн байгууллагад "Гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барихгүй байна" гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

 Үүний дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дээрх тоотод оршин суух Б-ын гэр болон тээврийн хэрэгслээс "Амфетамин", "Метамфетамин" гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн төдийгүй Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг.

Тухайн эмэгтэйг хөнөөгөөд нохойд хаяж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн Б-г яллагдагчаар татан, цагдан хорих арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан билээ.