Н.НОМТОЙБАЯР: ТЭНЦВЭРГҮЙ ТУЛААНД ӨРСӨЛДӨНӨ ГЭДЭГ АМАРГҮЙ. ГЭХДЭЭ ХУУЛЬД ЗААСАН БОСГЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ЦӨӨН Ч ГЭСЭН ХЭДЭН СУУДАЛ АВАХААР БОЛЛОО
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Сонгууль явагдаж дууслаа. Үндэсний эвслийн нэр дэвшигчдийг дэмжсэн бүх иргэддээ баярлалаа. Амаргүй сонгууль байсан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль, хүчний байгууллагууд, Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж биднийг УИХ-ын сонгуульд төлөвлөгөөний дагуу ажиллах боломжийг олгоогүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авах жишээний. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Ганболдын Баярхүү маань сонгууль эхлээд ес хоносны дараа батламжаа авсан. Үндэсний эвслийг тэргүүлсэн намайг ч гэсэн хасаж, сонгууль эхэлснээс хойш 5 хоногийн дараа би сонгуулийн ажлаа эхэлсэн. Энэ асуудлыг зүгээр орхихгүй.
Үндэсний эвсэл хуульд заасан босгыг амжилттай давж чадсан. Үндэсний эвслээс тойрогт нэр дэвшсэн, иргэдийнхээ сайн сайхны төлөө Монгол төрийнхөө төлөө эр зориг гаргаж сэтгэлээрээ зүтгэсэн олон нэр дэвшигчид байгаа. Бүгдэд нь маш их талархаж байна. Өнгөрсөн цаг хугацаанд үндэсний эвсэл байгуулаад гуравхан сар болсон ч гэсэн цаашдаа хамтдаа явах багийг бүрдүүлж чадлаа.
УИХ-ын сонгуульд босго даваад тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Гэхдээ Үндэсний эвсэл хуульд заасан босгыг амжилттай давж чадлаа. Багагүй ч гэсэн хэдэн суудал авах болзлыг хангалаа. Цөөн хэдэн суудалтай гээд урдаа тавьсан зорилго, хэрэгжүүлэх ажлынхаа ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй болсон. Үүнийг миний бие Нямтайширын Номтойбаяр манлайлж хийх болно.
Ялангуяа хууль хүчний байгууллагууд алхам тутамд хянах болсон. Бүх талаар хяналт шалгалтыг хийлээ. Сүүлд би хэвлэлд хэд, хэдэн ноцтой асуудлуудыг хөндөж хэлсэн. Мэдээж би хоосон үг дөрөөлж хэлэхгүй. Түүнийг нотлох үйл явдал, баримтууд байгаа. Хар машин буюу сүлжээний тооллогоор явагддаг программд хөндлөнгийн аудит хийлгэх цаг нь болсон.