НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХОЁР ОРЛОГЧ, ГУРВАН ТӨСЛИЙН МЕНЕЖЕРТЭЙ АЖИЛЛАНА
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2 орлогч, 3 төсөл хариуцсан менежертэй ажиллахаар болжээ.
Өмнөх Засаг дарга Х.Нямбаатарын хоёр орлогч Б.Мөнхбат, А.Амартүвшин нар хэвээр байх бол нэмээд НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан, Б.Сэмжидмаа, Л.Ариунтуяа нарыг төслийн менежерээр томилох аж.
Б.Мөнхбат Нэгдүгээр орлогч нь нийгмийн салбар, хоёрдугаар орлогч А.Амартүвшин Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллана.
Харин Г.Жаргалсайхан, Б.Сэвжидмаа, Л.Ариунтуяа нар тус бүр төсөл хариуцан ажиллах юм байна. Гэхдээ нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авахдаа өмнөх Засаг даргын хэрэгжүүлж байсан мега төслүүдийг цааш үргэлжүүлэх, эсэх шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд шалгаж, эрэмблэсний дараа хэрэгжүүлэх, эсэхээ шийднэ гэж мэдэгдэж байсан билээ. Одоогоор Туулын хурдны замын төслийг Засгийн газраас зогсоогоод байгаа бол Сэлбэ дэд төвийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ч хуулийн хязгаараас шалтгаалж, зээлээ бүрэн ашиглаж чадахгүй байдалд хүрсэн. Харин "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг нэг сар цагдан хориод байгаа юм. Тиймээс нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүд цааш үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй.
