НИЙСЛЭЛ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД БОСГОНО

GNNGNN
Sep 10, 2024  
 0
НИЙСЛЭЛ ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД БОСГОНО
Нийслэл Улаанбаатар хот гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгох ажилдаа орсон байна. Гадаад зах зээлээс бонд босгох ажлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Мандуул ахлан, бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Оноос өмнө гадаад зах зээлээс бонд босгож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг идэвхтэй өрнүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул өмнө нь Сангийн яам болон Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа гадаад зах зээлээс бонд босгох ажлыг гардаж байсан туршлагатай.
Өнгөрсөн зургадугаар сард нийслэл дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бондыг амжилттай босгосон. Дотоод зах зээлээс босгосон эх үүсвэрийн 350 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүдийн 300 МВт-ын цахилгаан станц барьж байгуулах ажилд хөрөнгө оруулсан. Мөн Багануурт 50 МВт-ын батарей станц байгуулах ажлыг санхүүжүүлж байна. Өвлийн ид ачааллаас өмнө Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блок, 50 МВт батарей станцыг ашиглалтад оруулахаа хотын удирдлагууд мэдэгдсэн.
Тэгвэл гадаад зах зээлээс босгох 500 сая ам.долларын бондын эх үүсвэрийг гэр хорооллыг орон сууцжуулах ажилд бүрэн зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны нийт 158 га газарт өрнөх бөгөөд 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар 158 га газрын газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай байгаа бөгөөд эхний блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 23 га газарт хоёр блок жишиг орон сууцны суурийг нь энэ жилдээ багтаж зутгаад, ирэх жилдээ бүрэн ашиглалтад оруулж, айлуудаа оруулахаар зэхэж байгаа аж. Санхүүжилтээ саадгүй босговол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад баригдахгүйгээр богино хугацаанд орон сууцжуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Шинээр барин орон сууцны хорооллууд нь сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдсэн төлөвлөлтэй байна.
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг
Сэлбэ хорооллын төлөвлөлтийн зураг

facebook