НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

GNNGNN
Oct 9, 2026  
 0
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны үйл ажиллагаа, газрын зөрчил, маргааны шийдвэрлэлт болон 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

10 мянга гаруй гарааш, 109 км хашаа хайсыг буулгажээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэв. Тухайлбал, 2020–2026 онд нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй гараашийг буулгаж, 19.7 га талбайг чөлөөлсөн бол 2021–2026 онд 109.5 км хашаа, хайсыг буулгасан байна. Мөн газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цахимжуулах, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, газар чөлөөлөлт хийх, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүний зэрэгцээ 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг  хэрхэн тусгасан талаар мэдээлэв. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, хашаа, хайс, хайрга, дайрганы олборлолт, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт болон газар чөлөөлөлтийн дараах төлөвлөлтийн талаар асуулт, санал хэллээ.

Тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн стандарт зохицуулалт шаардлагатай байна

НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа хайрга, дайрга олборлолттой холбоотой асуудалд анхаарч, олборлосон талбайг нөхөн сэргээх ажлыг хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Түүнчлэн хашаа, хайс нь хог тээврийн болон түргэн тусламжийн автомашин нэвтрэхэд хүндрэл учруулж, ялангуяа өвлийн улиралд бэрхшээл үүсгэж байгаад анхаарахыг хүслээ. 

Төлөөлөгч Э.Одонтуяа нийтийн зорчих хөдөлгөөнд хаалт хийж, төлбөр авч байгаа асуудал хуульд нийцэж байгаа эсэх, ийм зохицуулалтыг нийслэл эсвэл газар зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас шийдвэрлэдэг эсэхийг тодруулав. Мөн хаалт хийж, иргэдээс төлбөр авч байгаа байгууллагын тоо, хайрга, дайрга олборлосон газрын нөхөн сэргээлтийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатайг онцлов. Энэ талаар холбогдох байгууллагаас хашаа, хаалтыг буулгах нь нийтийн аюулгүй байдал, зорчих хөдөлгөөний хүртээмжийг хангах ач холбогдолтой ч орон сууцны орчны газар, нийтийн эзэмшлийн талбай, авто замын зурвас зэрэг тухайн газрын эрх зүйн байдлыг тодорхойлох тухайд тайлбарлав. Мөн хаалттай холбоотой асуудал нь нэг талаас оршин суугчдын эрүүл, аюулгүй орчныг хангах, нөгөө талаас иргэдийн зорчих хөдөлгөөн, түргэн тусламж, гал унтраах зэрэг тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой тул хотын хэмжээнд нэгдсэн стандарт, зохицуулалт шаардлагатайг мэдээллээ.

Хуралдааны үеэр иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 30 гаруй хувь нь орон сууцны хотхон дахь хашаа, хаалттай холбоотой талаар дурдав. Иймд хаалт бүрийг тусад нь шийдвэрлэхээс гадна хотын хэмжээнд мөрдөх стандарт, шалгуур, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, уялдааг тодорхой болгох шаардлагатайг төлөөлөгчид хэллээ. Нийслэлийн зүгээс үндэслэлгүй, хууль бус хаалтыг байхгүй болгох чиглэл баримталж байгаа ч оршин суугчдын аюулгүй байдал болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хамтад нь харгалзан зохицуулах шаардлагатайг холбогдох албаныхан онцоллоо. 

Газрын албадын ажлын уялдааг сайжруулахыг хүсэв

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсний дараа тухайн газрыг цаашид хэрхэн ашиглахыг төлөвлөгөөнд тусгах шаардлагатайг хэлэв. Тухайлбал, чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, нийтийн талбайд ашиглахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн хэрэгцээний газрын нөөцийг хадгалах шаардлагатайг онцоллоо. Харин төлөөлөгч З.Төмөртөмөө газар олголтын талаарх мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд тухай бүрт хүргэх, нийслэл болон дүүргийн газрын албадын уялдааг сайжруулах шаардлагатайг хэлэв. Мөн Хан-Уул дүүргийн Яармаг орчимд иргэдэд олгогдсон 0.07 га газартай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах, иргэдтэй харилцах анхан шатны үйл ажиллагааг сайжруулах, уулын бүс рүү зорчих зам дахь хашаа, хаалт зэрэг бодит асуудлыг шийдвэрлэх талаар хөндлөө.

НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан иргэдийн гомдлын дийлэнх нь орон сууцны хотхон дахь хаалттай холбоотойг хэлж, асуудлыг зөвхөн албан бичиг хүргүүлэх байдлаар бус хотын стандарт, журмаар зохицуулах боломжийг судлахыг хүсэв. Мөн газар зохион байгуулалт, төлөвлөлтийн өөрчлөлтийг жил бүр давтан оруулах бус зам, дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн газрын нөөцтэй уялдуулан төлөвлөх шаардлагатайг хэлэв.

Түүнчлэн төлөөлөгчид өмнө нь батлагдсан газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, газар олголтыг нийслэлийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, газар чөлөөлөлтийн дараах ашиглалтыг урьдчилан төлөвлөж байхыг анхааруулав. Ингэхдээ зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн газрын нөөцийг төлөвлөгөөнд тусгаж, нэг шийдвэрээс шалтгаалан дараа нь дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалтын зардал гаргах нөхцөл үүсгэхгүй байх нь чухал гэдгийг онцолсон юм.

Хуралдааны төгсгөлд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Б.Ану-Үжин “Газар зохион байгуулалт бол төлөөлөгчдөд иргэдээс хамгийн их санал, гомдол дагуулдаг асуудлын нэг. Хашаа, гарааш чөлөөлөлтийн дараах газрын төлөвлөлтийг тодорхой болгох, газрын дамын наймаатай холбоотой асуудалд анхаарах шаардлагатай”г хэлэв. Мөн дүүргүүд ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө төлөөлөгчдийн саналыг тусгаж, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой байршлуудыг тодорхойлох чиглэл өглөө.

Цаашид төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохуйц ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг уриаллаа.