ЭЛСЭН МАНХНЫ ТҮРЭЛТ 5.2 МЕТР УРАГШИЛСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

GNNGNN
Sep 9, 2025  
Sep 9, 2025 - 07:43
 0
ЭЛСЭН МАНХНЫ ТҮРЭЛТ 5.2 МЕТР УРАГШИЛСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Мухартын гол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт байрлах бөгөөд сумын төвөөс зүүн хойд зүгт 30км, аймгийн төвөөс 110км зайд Бор хярын элсний өмнө талд голдиролоосоо 450м өндөр элсэн манхнаас эх авч урсдаг бөгөөд 8.2км урсаад элсэн манхан доогуур шургадаг онцлогтой гол юм. Хөвөөгөөрөө бургасан шугуйтай бөгөөд гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм. 

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас 2021-2024 онд Мухартын голд өөрсдийн нөөц боломжиндоо тохируулан судалгаа, дата мэдээлэл цуглуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Судалгааны дүнгээр Мухартын голын дунд хэсэгт усны түвшин нь 5см-ээр буурсан, урсгалын хурд нь 0.2-0.4м/с багассан, эх аван урсаж буй элсэн манхны өндөр дунджаар 3.5м-ийн өөрчлөлттэй, элсэн манхны түрэлт 2021-2024 онд дунджаар 5.2м урагшилсан нь тогтоогджээ.  

Шалтгаалж буй хүчин зүйл: 

  • Мухартын голыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жил бүр 8000-10000 орчим нэмэгдэж байна. Энэ нь аялал жуулчлал талаасаа сайн мэдээ боловч тус голын усны ундарга татарч, жил ирэх тусам усны түшин, урсгалын хурд багасаж, эх авч урсаж буй элсэн манхны өндөршилт нь түрэлт өгсөөр байна. 
  • Энэхүү газрыг зорин очсон иргэд, аялагчид элсэн манхны орой дээрээс гулгаж голын эх, ундаргыг элсээр дарсаар байна. Үүнээс шалтгаалж усны урсац, түвшин нь жилээс жилд багасаж, голын эх хэсэг элсний нуралтад дарагдсаар байна.
  • Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэй голуудын усны түвшин багасах үзэгдэл эрчимжиж байгаагийн тод илрэл нь Мухартын голд ажиглагдаж байна.  

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс Мухартын голын ундаргыг хамгаалж, урсцыг нэмэгдүүлэх, түүний тэжээгдэх зүй тогтлыг тодорхой болгох, байгалийн унаган төрх, экосистемийг алдагдуулахгүй байхад анхаарч, бодлогын түвшинд тодорхой ажил зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Усны газрын удирдлагад үүрэг болгов.