МУГТ Ц.РАДНАА "WORLD MASTERS 2025" ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флоридад энэ сарын 23-30-ны өдрүүдэд зохиогдож байна.
Тус тэмцээнээс Мастерсийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнгийн Раднаа алтан медаль хүртлээ.
Тэрбээр 60 метр болон 800 метрт түрүүлж хошой алтан медалийн эзэн болов. Мөн Ц Раднаа гуай зургаан төрөлд хүч үзэх бөгөөд түүнийг 200 м, 400 м, 1500 м, гурван харайлтын тэмцээнүүд хүлээж байгаа юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Цагаан зээрийн янзага" баримтат кино нээлтээ хийж байв.
Мөн тэрбээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. Тэрбээр монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг харуулсан юм.