МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ж.БАТХУЯГИЙГ ТОМИЛНО
Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энтайваны бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дууссан. Түүнийг 2020 оны тавдугаар сарын 6-нд тухайн үеийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санал болгосноор УИХ томилж байв.
Тэгвэл хугацаа дууссан дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны оронд Монголбанкны шинэ Ерөнхийлөгч С.Наранцогтын санал болгосноор шинэ хүн томилно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр банкны Удирдлага төлөвлөлтийн газрын захирал Ж.Батхуягийг томилох аж. Ж.Батхуяг нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Монголбанкид анх Тамгын газрын захирлаар томилогдож байсан бөгөөд 10 гаруй жил ажиллаж байгаа. Харин одоо Удирдлага төлөвлөлтийн газрын захирлаар ажиллаж байна. Түүнийг одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогтын хүн гэдэг бөгөөд түүний түлхээсээр анх Монголбанкинд томилогдож байсан гэдэг. Тэгвэл энэ удаад мөн л С.Бямбацогтын түлхээсээр Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдох бололтой.
Харин Монголбанкны албан ёсны сайтад Удирдлага төлөвлөлтийн газрын захирал Ж.Батхуягийн төгссөн сургууль, томилогдсон оны талаарх мэдээллийг огт байршуулаагүй байгаа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хаврын чуулганаар Тэргүүн дэд ерөнхийлөгчөө санал болгон томилуулах үеэрээ намрын чуулганаар дэд ерөнхийлөгчөө томилуулна хэмээн гишүүдийн асуултад хариулж байсан. Тиймээс тун удахгүй Ж.Батхуягийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилуулахаар оруулж ирэх бололтой.
