М.ГОВЬСАЙХАН: ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БАРИГДДАГ ОРОН СУУЦНУУДЫН АЛДААГ ДАВТАХГҮЙГЭЭР ХОТХОН ХОРООЛОЛ БАРИХ ЖИШИГ РҮҮ ОРОХ ГЭЖ БАЙНА
"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр /2024.09.24/ албан ёсоор нээлээ.
Носк-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан: "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зургаан дэд төвийн хөгжлийг хурдасгах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл Сэлбэ дэд төв дээр анх удаа хэрэгжиж байна. Нийслэлийн төсөвт 12000 айлын орон сууц баригдах санхүү тавьж өнгөрсөн хугацаанд 158га талбарт 2206 нэгж талбай чөлөөлөхөөс 1460 айл газар чөлөөлөтөнд оролцсон байна. Үүн дээр орон сууц барих компаниудад тендер зарлан үе шаттай ажлууд хийгдээд явж байна.
Мөн 158 га талбайд зураг төсөл, төлөвлөлтийн ажлуудаа хийж байгаа юм. Төлөвлөлтгүй баригддаг орон сууцнуудын алдааг давтахгүйгээр томоохон хэмжээний хотхон хороолол барих жишигрүү орох гэж байна.
Дамбадаржаа дахь дахин төлөвлөлтийн ажил 50 хувьтай явж байгаа бол Баянхошуунд эхэлсэн ажил 100 хувьтай дууссан.
Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлээд арав орчим жил болсон. Одоогоор 11 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ төслүүд олон шалтгааны улмаас гацсан, хэрэгжүүлэгч компаны буруутай үйлдлээс болж зогссон.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар уг гацсан төслүүдийг түр хугацаагаар зогсоосон. Учир нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө энэ намрын УИХ-ын чуулганаар батлагдана. Үүний дараа төлөвлөгөөгөө уялдуулан төслөө зарлана. Мөн уг төслүүдийн зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын компани ажиллаж байгаа юм. Олон улсад хот төлөвлөлт хийдэг жишиг компани Улаанбаатар хотыг дахин төлөвлөх үйл ажиллагаанд оролцож байна. Бид уг жишгээр дараа дараагийн төслүүдээ зарлах болно" гэв.