Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИ ХҮҮДЭЭ ИТГЭЖ БАЙНА. МӨНГӨ АЛГА БОЛОХГҮЙ, ШАЛГАГДААД ГАРААД ИРЭХ АСУУДАЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2025.05.17/ Туулын хурдны зам төслийн зорчих хэсэгт ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр, Говийн бүсэд ажиллаж байхад ийм асуудал болсон. Ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй. Сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна.
Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү “Сүй тавих гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” гэсэн зүйл надад яриагүй. Манай хүү насанд хүрсэн хүн. Өөрөө хувиараа юм хийдэг. Манай хүү бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал.
Миний ХОМ-д хоёр компани байна. Нэг нь "Херо интертайнмент"-ын 50 хувь, нөгөөх нь "Хүлэг контент" гэж компани бий. Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийгээд л явж байгаа залуу. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага.
Засгийн газраас авлигын эсрэг тэмцэж байна. Авлига авсан нь нотлогдвол 12 жил хорих ялтай болсон. Дээр нь Засгийн газраас 11-р сард улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал одоо яригдаж буй бүх хардлага сэрдлэг бүрэн шийдэгдэнэ.
Нэгэнт ийм асуудал гарсан учир миний хувьд хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Үүнийг олон нийтэд тайлагнахыг хуулийн байгуулагуудаас хүснэ. Хэрэв орлого нотолж чадахгүй бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Нөгөө талаас Тавантолгой, Баялгийн сан зэрэг том асуудлууд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүний хувьд би олон хүнийг гомдоосон, олон эрх ашгийг хөндсөнөө ойлгосон. Тиймээс би асуудалд туйлын болгоомжтой хандахаас өөр аргагүй.
Намайг “данх, жижүүр” гэж янз бүрээр л хэлдэг. Одоо гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд болон гэр бүлийнхэн ч ойлголт авсан байх.
Сая 20 жил улстөржсөн манай улсын хувьд 1-рт эрэмбэлэгдэх Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт маш чухал үйл явдал боллоо. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх шиг боллоо. Дуулиан дээр илүү төвлөрөх шиг боллоо. Энэ бол биднийг хирсүү байхыг сануулж байна.
Эцэст нь хэлэхэд, Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Хоёрдугаарт, Надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Харин Баялгийн сангийн хууль, улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэхэд саад болж, энэ асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн ялаанууд байгаа. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар миний итгэл үнэмшил, үзэл санааг бөхөөж бөхөөж чадахгүй, битгий горьд. Зорьсон асуудлынхаа төлөө миний хувьд хатуугийн хатуу тэмцэнэ гэдгээ хэлье.