Л.МӨНХБАЯСГАЛАН: УУЧЛААРАЙ ӨНӨРӨӨ
Шүүхээс 4,9 жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал 2024.11.07-нд болно. Уг шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн суулт зарлаад нэг хонолоо. Мөн Ч.Лодойсамбуу зэрэг зарим улс төрчид уг шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ ч илэрхийлээд буй. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулах шйидвэр хэвээр байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа ийнхүү өгүүлэв.
Уучлаарай Өнөрөө
Маргааш 11 р сарын 7 нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болно. Монголын сэтгүүл зүй хэмээх их айлын гал тогоонд бас торгуулийн суманд нь үхэхээ мэдэхгүй дарцаглаж явсан хүний хувьд энэ өдөр гунигтай өдөр. Бид салбараасаа нэгийгээ шоронд алдчихаад байна. Яг ямар хэрэг хйигээд Өнөрөө шоронд байх ёстой гэдэгт хариулах үнэн олдохгүй. Шоронд очиж уулзья гэхээр зөвшөөрөл өгөхгүй. Шүүх хуралд нь оруулахгүй. Улсын нууцтай холбоотой хэсгийг нь хаалттай хийгээд бусад хэргүүдийг нь олон түмэнд нээлттэй шүүгээч гэхээр зөвшөөрөхгүй. Шүүх рүү хандахаар шүүхэд нөлөөлөх гэсэн хэрэгт орчих гээд бүх юм тас цоожтой. УИХ дахь АН ын бүлэг анхаарлаа гээд яаж ч чадахгүй. Гадны оронд бол сэтгүүлч улсын нууцыг хамгаалах үүрэггүй. Гэтэл манайд хаанаас ч юм бэ улсын нууц Н.Өнөрцэцэгийн гарт орчихсон гэх….өөрөө аваагүй үзээгүй байдаг. Гэхдээ түүнд ямар замаар ч юм бэ улсын нууц оччихсон. Ял авчихсан. Бас Дорноговь аймагт жаахан охиныг зэрлэгээр хөнөөсөн алуурчны өмнө нь үйлдэж байсан гэмт хэргийн талаар мэдээллэсэндээ тэр яллагдсан. Монголын хууль алуурчныг өмгөөлж хамгаалдаг. Харин авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгсэдтэй амь хайргүй тэмцсэн сэтгүүлчийг өмөөрөх хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй. Сэтгүүл зүйгээс УИХ д сонгогдсон УИХ-ын гишүүн атлаа хийж чадах юм юу ч байхгүйдээ би харамсаж байна. Бухимдаж байна… Өнөрөөгийн ээж эгч дүү нар нь Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарласан. Очиж уулзахаас өөр юу ч хийж чадахгүй. Хэвлэлд ярилцлага өгөөд ямар нэмэр байна вэ… гарц гаргалгаа юу байна вэ… УИХ-д сонгогдсон хэдэн сэтгүүлч гишүүн Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай бол хууль санаачлах ажлын хэсэг байгуулж орсон. Бидний хийж чадах зүйл ердөө л энэ. Гунигтай байна аа… энэ бичсэн бүхнийг минь Өнөрөө уншиж чадахгүй гэж бодохоор бүүр ч гунигтай. Уншаад ч яах юм билээ. Харин цаашид нэг ч сэтгүүлчээ шоронд алдахгүйн төлөө хуулийн зүйл заалт дээр ажиллах нэг боломж бий. Мэдээж энийг ганцаараа хийж чадахгүй. Олуулаа…бүр олуулаа болж байж л хийнэ. Олон гишүүний дэмжлэг авахын төлөө зүтгээд л гарна даа… Уучлаарай Өнөрөө, уучлаарай сэтгүүл зүй. Хууль эрх зүйн орчинг нь сайжруулахын төлөө зүтгээд л үзье. Чадах л юм энэ юм даа."