ХӨСҮТ: МЕНИНГОКОКК ХАЛДВАРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН
Менингококк халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.02.02/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Өнгөрсөн оны төгсгөлд таван сэжигтэй тохиолдол байснаас он гарсаар хоёр тохиолдол нь батлагдсан. Энэ хоёр тохиолдол эмчлэгдээд бүрэн эдгэрсэн. Нэг тохиолдол нь богино хугацаанд хурдацтайгаар хүндэрсэн тул харамсалтайгаар эндсэнийг мэдээлсэн.
Одоогоор Нийслэлийн нутаг дэвсгэрт менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Баянзүрх, Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд нэг нь гэртээ өөрийгөө тусгаарласан байдалтай байна. Нөгөө нь 311 дүгээр цэцэрлэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд ажиглаж байна.
Шинэ цэцэрлэг тул тухайн хүүхэдтэй хамт есөн хүүхэд байсан. Одоогоор хүүхдүүдийг гэрээр нь тусгаарлаад буй. Хүүхдүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн зүйлгүй.
Тухайн цэцэрлэгт ариутгал, халдваргүйтгэлийг бүрэн хийсэн. Халдварт судлалын үндэсний төвийнхөн энэ сэжигтэй тохиолдол дээр тандалтыг үргэлжлүүлж буй.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Ийм олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл тарааж, иргэд олон нийтийг айдаст автуулахгүй байхыг хүсэж байна.