ХӨСҮТ: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ИХ БАЙНА

GNNGNN
Jun 6, 2025  
 0
ХӨСҮТ: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ИХ БАЙНА


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.06.06/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Улаанбурхан өвчний халдвар авсан өвчтөнүүдээс 4100 тохиолдол нь эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар эмнэлэгт 611 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хоёр сарын хугацаанд улаанбурханаар 5565 хүн халдварласан нь батлагдсан гэдгийг тодотголоо.

Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа:

-Улаанбаатар хотод бүртгэгдсэн улаанбурханы батлагдсан 4209 тохиолдолд тандалт хийсэн. Хамгийн их батлагдсан тохиолдлын 30 хувь болох 1226 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.  Харин 21 хувь буюу 900 тохиолдол Хан-Уул дүүрэгт, 17 хувь буюу 708 тохиолдол Баянгол дүүрэгт, 16 хувь буюу 666 тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт, 280 тохиолдол Чингэлтэй дүүрэгт, 270 тохиолдол Сүхбаатар дүүрэгт, 73 тохиолдол Багануур дүүрэгт, 12 тохиолдол Налайх дүүрэгт тус тус бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний анхны тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын сарын 18-нд илэрч, батлагдсан ба үүнээс хойш тандалт судалгааны баг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тандалтаар  тавдугаар сарын 1-нээс өдөрт 120 тохиолдол , тавдугаар сарын 25 ,26 өдрүүдэд 265 тохиолдол бүртгэгдсэн. Тухайн дүүргүүдэд байгаа сургууль, цэцэрлэг, нийтийг хамарсан үйл ажиллагаанаас үүдэн халдвартын тархалт ихэссэн гэж үзэж байна. Үүнээс гадна нийт өвчилсөн хүүхдийн 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй байна.

Вакцинд хамрагдалтаар нь судалвал, бүрэн хамрагдсан 15.2 хувь, хамрагдаагүй 55.4 хувь, бүрэн хамрагдаагүй 17.1 хувь, вакцинжуулах насанд хүрээгүй 13.1 хувь байна.

Мөн орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа 4242 хүн бүртгэгдсэнээс 1880 нь эдгэрсэн, 170 гаруй нь өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа 776 хүн, өрхийн эрүүл мэндийн төвд хавьталттай 20 хүн байгаа гэсэн судалгаа гарсан байна.  Өнөөдрийн байдлаар 485 хүн эдгэрээд гарсан байгаа.

Нийслэлийн хэмжээнд 130 ерөнхий боловсролын сургуулиудад улаанбурхан өвчлөл бүртгэгдсэнээс 11 сургууль дээр голомтыг тасалсан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж, дархлаажуулалтад хамруулсан гэсэн үг.  Мөн 35.488 хүүхэд хавьталд орсон ба 81.7 хувьд нь дархлаажуулалт хийсэн .

Мөн 16 цэцэрлэгт өвчний тохиолдол батлагдсан ба нэг цэцэрлэгээс 1-3 тохиолдол илэрч байсан тул хавьталыг олж, голомтыг таслан зогсоосон.

Ийнхүү нийслэлийн хэмжээнд улаанбурхан өючний батлагдсан голомтуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.  Нийслэлийн Эрүүл Мэндийн төвийн фэйсбүүк хуудаснаас улаанбурхан өвчинөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг цаг алдалгүй авах боломжтой . Мөн нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийн утас байнгын ажиллагаатай байгаа тул мэдээллийг цаг алдалгүй аваарай гэж зөвлөлөө.