“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

GNNGNN
Jun 1, 2025  
 0
“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

"Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” гүйлтийн арга хэмжээг ХЭҮК-оос хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

Марафонд 7-17 насны 6000 орчим хүүхэд 6-7, 7-8, 8-9, 9-10, 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар оролцлоо.

Марафон үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг, хүүхэд бүрт өөрийнх нь үнэ цэнийг нь мэдрүүлэх зорилгын дор өрнөсөн.
Тиймээс марафоны зэрэгцээ үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврын талаар ойлголтоо нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж нийт 10 мянга гаруй хүүхдийг хамруулав.
Хүүхдийн эрхийн хүүхэлдэйн театр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга” болон урлаг соёлын бусад арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаас гадна хүүхэд багачууд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт боллоо.

Тухайлбал,
-Хүслийн хайрцаг: Хүүхэд бүрийн үнэ цэнтэй хүсэл, мөрөөдөл, саналыг бичүүлэн хүслийн хайрцагт хүлээн авч, зохион байгуулагчдын зүгээс нэгтгэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд уламжилна.
-The Open Mic
-Зураг авч, цахим шуудангаар хүргүүлэх: Марафонд зориулсан уриа лого бүхий самбар, хүрээ, хүүхэлдэйн баатруудтай хамт мэргэжлийн гэрэл зурагчнаар хүүхдүүдийн зургийг үнэгүй авах бөгөөд арга хэмжээний үеэр даруулсан зургийг бүртгүүлсэн цахим шуудангаар өөрт нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд илгээнэ.
-Хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг олгох үйл ажиллагаа: Хүүхдүүдэд зориулсан хүүхдийн эрхийн мэдлэг олгох мэдээлэл, асуулт, хариултын АХА тэмцээн болж байна.
-Замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл: Хүүхдүүдэд замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон тэдгээрийн өнгө, тэмдэглэгээ, гарц зэрэг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дүрмийн мэдээлэл өгөв.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид болон хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчдад “Эх үрсийн баярын” мэнд хүргэхийн сацуу ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ байхыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос уриалж байна.