КАЗАХСТАНД "САЛТАНАТЫН ХУУЛЬ" ХЭМЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТАЛЖЭЭ

GNNGNN
May 3, 2024  
 0
КАЗАХСТАНД "САЛТАНАТЫН ХУУЛЬ" ХЭМЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТАЛЖЭЭ

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгджээ.

 Бишимбаев  Салтанат Нукеноваг гэр бүлийнхээ ресторанд зодож, өшиглөж, үснээс нь чирж буйг харуулсан камерын бичлэгийг шүүхээс цахимаар цацсан. 44 настай Бишимбаевын шүүх хурал нь Төв Азийн 19 сая хүн амтай тус улсад анх удаа онлайнаар цацагдаж байгаа шүүх хурал болж байна. 31 настай Нукенова арваннэгдүгээр сард нөхрийнхөө хамаатан садны нэгнийх нь ресторанд нас барсан байдалтай олдсон юм.

Тэрбээр тархины гэмтлийн улмаас нас баржээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн 2018 оны судалгаагаар Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас бардаг байна. Нукенова эмгэнэлтэйгээр нас барсны дараа тус улсын хэдэн арван мянган хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хатуу арга хэмжээ авахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурсан юм.

Өнгөрсөн сард сенаторууд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог "Салтанатын хууль" хэмээх хуулийн төслийг баталсан. Шүүх хуралд Бишимбаев хэдэн долоо хоногийн турш гэм буруугүй гэж  мэдэгдсээр байгаа юм. Өмнө нь түүнийг гэм буруугүй гэдгээ тайлбарлахыг оролдох үед Нукеновагийн ээж нь "Чи яаж ингэж хэлж чадаж байна аа.

Санаагүйгээр гэж яаж хэлж чадаж байна. Чи түүнийг хэдэн цагийн турш зодсон шүү дээ” хэмээсэн. Шүүх хурал дээр охиных нь бэртсэн гэрэл зургуудыг үзүүлэхэд тэрбээр тэсэлгүй шүүх хурлын танхимаас гарсан. Шүүгч уг зургийг шүүхийн танхимаас гадуур тараахыг хориглосон. 

Улстөрч асан Бишимбаев  2018 онд хээл хахуулийн хэргээр шоронд хоригдож байсан ч өршөөлд хамрагдаж суллагдсан.  Салтанатын ах Амангелди шүүх хурлын гол гэрчээр оролцож байсан. Бишимбаевын өмгөөлөгчид Нукеноваг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүчирхийлэл, атаа жөтөөтэй, архи хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байсан хэмээн буруутгаж байгаа юм.

Шүүхэд үзүүлсэн дүрс бичлэгийн алинд нь ч  Нукенова Бишимбаев руу  дайрч байгаа хэсэг байхгүй.