“ХОХИРОГЧ ӨӨРИЙГӨӨ 18 НАС ХҮРСЭН ГЭЖ ОЙЛГУУЛСАН” ГЭЖ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЖЭЭ

GNNGNN
Apr 26, 2024  
 0
“ХОХИРОГЧ ӨӨРИЙГӨӨ 18 НАС ХҮРСЭН ГЭЖ ОЙЛГУУЛСАН” ГЭЖ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЖЭЭ

Шүүгдэгч К  нь насанд хүрээгүй хохирогч Ө-г согтууруулах ундааны зүйл хэрэглэж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед нь хүчиндсэн  гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх К-г  арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар К-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд, анхан шатны шүүх К-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ “Хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” хүндрүүлэх шинж байгаа эсэхэд хууль зүйн болоод үйл баримтын бүрэн дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэдэгт гэм буруутай хүний хувьд хохирогчийг арван найман насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Энэ хэргийн хохирогчийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд 18 насанд хүрээгүй байсан /17 нас 1 сартай/ үйл баримт тогтоогдож байгаа боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хянаж үзвэл хохирогчийн насыг шүүгдэгч баттай мэдсэн, мэдэх ёстой байсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй тогтоож чадаагүй, тухайн асуудлын талаар харилцан зөрүүтэй баримтуудыг үндэслэн К-г 18 насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. 

Өөрөөр хэлбэл,  хохирогч болон шүүгдэгч нарын хоорондын харилцааны түүх, үргэлжилсэн цаг хугацаа, шинж байдал зэргийг илэрхийлсэн баримтуудыг хянан үзэхэд “Хохирогч өөрийгөө 18 нас хүрсэн гэж ойлгуулсан” гэсэн шүүгдэгчийн тогтвортой мэдүүлгүүд, мөн түүнийг хөндлөнгийн гэрч Х баталж мэдүүлсэн зэрэг нь хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтооход зайлшгүй харгалзан үзэх нотлох баримтууд бөгөөд  шүүгдэгч нь хохирогчийн насны хувьд бодитой төөрөлдсөн гэж дүгнэлт хийх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг  “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн болно.

 

 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн