"ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ" ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

GNNGNN
May 3, 2024  
 0
"ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ" ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулж сэтгүүлчид "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: "Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Монгол улс Эрүүгийн хуулийн 13,14 заалтад Худал мэдээлэл тараах гэх заалтыг өөрчлөх эсвэл хасах шаардлагатай. Үүнтэй төстэй хуулийн заалтууд нь хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах гол шалтгаан болдог гэж хэлсэн. Бид өнөөдөр өөрсдийн эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй" гэв. 

Жагсаалын үеэр сэтгүүлч Б.Ууганбаяр, “Энэ өдөр бол баярын өдөр биш. Энэ өдөр бид алдагдсан эрх чөлөөгөө нэхэх хэрэгтэй. 2020 онд Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 13,14 заалтад Худал мэдээлэл тараах гэх заалт орсон бөгөөд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс нэг мянга 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

Иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиллагсдыг Эрүүгийн хуулийн 13,14 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд ялагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж буй нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт зэрэг хэрэг үүсгэх, ялагдагчаар татсан нэрийдлээр ажлаа хийх нөхцөлийг нь хазаарлах зэргээр Хэвлэлийн эрх чөлөөг хясан боогдуулах болов. Иймд сэтгүүлчид бид нэгдэх хэрэгтэй” гэлээ.