Х.БАТТУЛГА: НАМАЙГ ХҮМҮҮС УЛСТӨРИЙН ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛД ОЧСОН ХҮН БАЙЖ ОДОО “УЛСТӨРӨӨС ГАРААЧ” ГЭЖ ХЭЛДЭГ. БИ ГАРАХГҮЙ

Та бүхнийхээ амгаланг айлтгая, сайхан өвөлжиж байна уу. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид, залуучуудаа дэмжээд хангайн болон хойд бүсийн бүх сумаар очин уулзалт хийгээд явсан. Өнөөдөр мөн л адил нам харгалзахгүйгээр “Хөх Монголын Хөх туг”-ийн дор нэгдэцгээе гээд уриалаад явж байна. Бид саяхан “Бүтэн Монгол” хөдөлгөөнийхөө хүрээнд “газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх гээд байна” гэж та бүхнээс санал аваад явсан.
Түүний үр дүнд 120 мянга орчим хүний гарын үсэг маш богино хугацаанд цуглуулж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед нь өгч, түр татуулсан, саналаа өгсөн та бүхэндээ маш их баярласнаа илэрхийлж байна. 21 аймаг, олон сумд, Улаанбаатар хотын том том үйлчилгээний төв, захуудаар явж гарын үсэг зуруулсан. Миний хувьд 2004 оноос хойш та бүхнийхээ дэмжлэгээр УИХ-д гурван удаа сонгогдон, хоёр дүү ч яаманд сайдаар ажиллаж байсан. Тэр үедээ Шинэ сум, төмөр зам, авто зам гээд том том төслүүдийг эхлүүлэх гэж хичээж байсан. Харамсалтай нь эдгээр ажлынхаа 30 орчим хувийг л биелүүлсэн, бусдыг нь амжаагүй. Дараа нь та бүхэн маань өндөр саналаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч гэх эрхэм хүндтэй албыг хаших боломж олгосон. Гэвч хоёр жил нь ковид 19 цар тахал дэлхий нийтэд тархаж, хилээ хаасан.
Хилээ хаагаад бид зүгээр суугаагүй, монголчууд юу хийж чаддаг гэдгийг харуулж, энх цагийн цэргийн албан хаагчдынхаа хүчээр, монгол инженерүүдийнхээ ур ухаанаар нийтдээ нэг жил есөн сарын хугацаанд, дэлгэмэлээрээ бараг 1000 орчим км төмөр замыг бид барьж дуусгасан. Өнөөдөр бид баялаг ярьж байна, түүнийг төмөр замаар л зөөнө шүү дээ. Хэрвээ төмөр зам нь гадны хүний мэдэлд байвал бид түүний өртгийг дийлэхгүй. Та бүхнийхээ дэмжлэгээр улс төрд 20 жил зүтгэхдээ төмөр замын төлөө, Монголын төрд баялаг нь байх ёстой гэж тэмцэн сайн, муугаар их хэлүүлсэн. Энэ их баялагтай баян орны иргэд яагаад ядуу байх ёстой гэж. Харамсалтай нь бид дандаа цөөнх болдог, намайг Ерөнхийлөгч байх үед манай нам УИХ-д 19-хэн гишүүнтэй байсан.
Түүний дараа 2020 оны сонгуульд 12-хон гишүүнтэй байсан. Тийм болохоор хориг тавьсан ч унадаг байсан. Түүнчлэн оффшор данс, олигархиудыг илчилсэн чинь эрх баригчид долоохон минутын дотор хуралдан, намайг дахин нэр дэвшихээргүй болгон, хууль баталж байлаа. Монгол Улсын 55 орд газрыг стратегийн ордод авахаар 2007 онд УИХ-аар баталж байсан 27 дугаар тогтоол 18 жил болж байхад яагаад хэрэгждэггүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Гэтэл энэ ордуудаас сугалаад, аваад эхэлсэн. Тухайлбал, Цагаан суварга, Ухаа худаг мөн Тавантолгойг авах гэж оролдсон. Үүний тулд УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн зардлыг даачихдаг, тиймээс санхүүжилт авсан хүмүүс нь эргээд тэдэндээ үйлчилдэг.
Бид УИХ, Засгийн газарт цөөнх байгаад байдаг, ард иргэдтэйгээ уулзахаар олонх болоод байдаг. Тэгэхээр тэд олноороо, шийдвэр гаргах түвшинд энэ ордоо нэг нэгээр нь сугалаад байгаа юм. Тийм л болохоор монголчууд нам харгалзахгүйгээр хөх тэнгэрийн өнгөө бэлэгдсэн, хөх тугийн дор нэгдэн, 2007 онд буюу 18 жилийн өмнө батлагдсан тогтоолоо амилуулцгаая. Бид сонгуулийн санал авах уулзалт биш, харин баялгийн сангаараа дамжуулж бүгдээрээ хувь хүртье, алийн болгон хэдэн хүнд доромжлуулж суух вэ, эв нэгдэлтэй больё гэж уулзалдаж байна. Та бүхний гол дэмжлэг бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг баялгийн санд төвлөрүүлэхийг дэмжиж буй эсэхээ илэрхийлсэн саяын алгын чинээ цаасан “саналын хуудас” чинь юм. Бид энэ баримт бичгийг цуглуулаад УИХ-д өргөн барина. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмнийх гээд заагаад өгсөн байдаг.
Гэтэл иргэд мэдэхгүй, эрх мэдэлд ойр байсан хүмүүс баялгийг маань “хуу хамаад” байна. Бүгд тэгш хүртэх боломж бидэнд байгаа, жишээлбэл, тэтгэврийн зээлтэй ахмадуудын зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэж байлаа. Энэ чинь баялгийн эзэн байж болдгийн жишээ юм. Сая гэхэд Засгийн газрын гишүүн, сайд хүн монголчуудыгаа ажил хийж чаддаггүйгээр нь дуудаад гаднаас 280 мянган ажиллах хүчин оруулж ирэх хууль өргөн барьсныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар, Ө.Шижир гээд гишүүд маань эсэргүүцэж, ард иргэдийн дэмжлэгээр зогсоож чадсан.
Бид л та бүхэндээ ярьж хэлэхгүй бол та нар маань мэдээллээс хол байгаад байна. Бид янз бүрээр хэлүүлж байгаа, цаашдаа ч бүр их хэлэх байх. Олон сонгуульд орсон хүний хувьд нэг зүйлд маш итгэлтэй болсон. Тэр нь монголчуудыг албаар ядуу байлгаж, өрөнд оруулдаг, тэгж байж сонгуулиар саналыг нь авдаг юм байна. Ийм байдлаас гарахын тулд УИХ-ын гишүүд нь олон удаа уулзалт хийх, ялангуяа Ерөнхийлөгч байсан хүн биеэ оторлоод байх хэрэггүй. Юу сонсож, юу мэдсэнээ ард иргэддээ мэдээлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Намайг хүмүүс улстөрийн хамгийн том албан тушаалд очсон хүн байж одоо “улстөрөөс гараач” гэж хэлдэг. Би гарахгүй, залуус, хойч үедээ чаддаг, мэддэг зүйлээ хэлэх болно. Ер нь нам харгалзахгүйгээр, монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэх гэж мэдээлэл өгч, санал аван УИХ-д өргөн барьж, 2007 оны тогтоолоо амилуулж, баялгийн сангаараа дамжуулан хувь хүртэх жимийг өмнө нь нээсэн байснаа томсгоё гэсэн бодолтой та бүхнийг зорьж яваа юм.
Тавантолгой шиг, Эрдэнэт шиг 55 орд газартай баян улсын иргэн яагаад өнөөдрийнх шиг ядуу амьдрах ёсгүй вэ гэсэн асуултын хариулт нь Хөх Монголын Хөх туг аян юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА