ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН ЭКСПЕДИЦ 12 ЦЭРГИЙН ШАРИЛ, 60 ОРЧИМ ГРАНАТ, ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗЭВСЭГ ОЛЛОО

GNNGNN
May 19, 2025  
 0
ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН ЭКСПЕДИЦ 12 ЦЭРГИЙН ШАРИЛ, 60 ОРЧИМ ГРАНАТ, ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗЭВСЭГ ОЛЛОО

Монгол, Оросын хамтарсан археологийн экспедицийн малтлага, хайгуулын ажил тавдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэллээ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ нь Халх голын байлдааны талбар буюу Дорнод аймгийн Халх гол суманд хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм.

Экспедицийн баг Ремизовын өндөрлөг болон Талын Манхан, Баян-Цагааны нуруу гэх байршлуудад археологийн малтлага, хайгуулын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын талаас нийт 116 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид, ОХУ-аас 35 судлаач оролцож байна.

Малтлагын ажлыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдан ажиллаж байна. Экспедицийн багийнхан малтлага эхэлснээс хойших хугацаанд тулалдаанд амь үрэгдсэн 12 цэргийн шарилыг илрүүлж, хориглолтын шуудуунаас 60 орчим гранат, тэсэрч дэлбэрэх зэвсгүүд олдоод байна.