ХААХҮ-ИЙН САЛБАРЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар өнөөдөр (2024.04.23) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Жогорку Кенеш-ийн даргын түвшинд анх удаагаа Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалд парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг давтамж нэмэгдсэний үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байгааг УИХ-ын дарга тодотголоо.
Тэрбээр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын айлчлал нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов.
Талууд өнгөрөгч 02 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНКирУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв. Тухайлбал, уг айлчлал нь Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг банк санхүү, даатгал, алт цэвэршүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах үндэс суурийг тавьснаараа онцлог болсныг тэмдэглэлээ.
Парламентын тэргүүн нар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, харилцан айлчлал идэвхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байгааг онцлов. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дахин уулзсандаа баяртай байна гээд бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын байнгын механизмыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох “Монгол Улсын Их Хурал, Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалт” баримт бичгийг Таны айлчлалын үеэр байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Эрхэмсэг ноён Н.Шакиев цохон тэмдэглэв.
Тэрбээр, цаашид хоёр орны парламент болон парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногооны нийлүүлэлтэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд манлайлан ажиллахаа нотолсон юм.
Мөн төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Элчин сайдын яамыг 2023 онд Монгол Улсад нээсэн нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэлээ. Цаашид аялал жуулчлал тэр дундаа агаарын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх, иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн албан ёсны айлчлалын хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамд, төрийн албаны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эхлэл болох баримт бичгүүдийг байгуулахаар болсонд баяртай байна. Киргиз Улсад хийсэн миний албан ёсны айлчлалын үеэр Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болох хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд мах болон сүүний үйлдвэрлэлийн үхэр, сарлагийн чиглэлийн хамтарсан аж ахуй байгуулах чиглэлд хамтран ажиллана. Мөн мах, махан бүтээгдэхүүний олон улсын гэрчилгээний загварыг харилцан тохиролцсон нь мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна” гэв.
Мөн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хавсралтаар баталсан Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн тээврийн маршруттай холбогдох Киргизийн авто замын талаарх саналаа ойрын хугацаанд ирүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр талууд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Хэлэлцээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Н.Шакиев болон киргизийн анд, нөхдөдөө эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсээд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавихаар болсонд талархал дэвшүүллээ.