ИНФЛЯЦ 15 ХУВЬД ХҮРВЭЛ БОДЛОГЫН ХҮҮ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ
Оны эхэн үеэс хойш улсын хэмжээнд инфляц 13 хувь болтлоо өссөн. Үүнийг дагаад төв банкнаас бодлогын хүүг 12 хувиас 12.5 хувь болгож 0.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн билээ.
2025 оны эхний улиралд Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10 хувиас 12 хувь болгож өсгөх шийдвэр гаргаж байсан бөгөөд үндсэндээ жил хагасын хугацаанд 2.5 нэгж хувиар өссөн гэсэн үг. Энэ нь инфляц 9.6 хувь байх үед ийн бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж байв.
Бодлогын хүү нь Төв банкнаас арилжааны банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүүг илэрхийлэх, арилжааны банкууд бодлогын хүүг болон бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүг харьцуулах замаар зээл болон хадгаламжийн үйлчилгээний хүүгийн шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын дундаж хүүгийн хөтөч хүү болдог.
Улсын төсвийн зарлагын хэмжээ буюу үүнд хамаарах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийн хэмжээ нэгэн зэрэг нэмэгдэх нь нэг ёсондоо ирэх оны нэгдүгээр улиралд инфляц өсөх хүлээлт үүсгэчхэж байна. Тухайлбал, зарим эдийн засагчдын таамгаар оны төгсгөл гэхэд улсын хэмжээнд инфляц багадаа 15 хувь болж өсвөл төв банк бодлогын хүүг мөн өсгөх дарамт үүсэх юм.
Хэрвээ бодлогын хүү өсвөл арилжааны банкуудын зээлийн хүү дагаад өссөнөөр банкуудад өгөөжтэй ч зээлийн голлох хэрэглэгчид болох нийгмийн дундаж давхаргынханд энэ нь улам хүнд тусахаар байна.
Засгийн газрын бодлого, шийдвэрүүд нь дундаж давхаргыг тэлэх гэхээсээ хумих хэмжээнд хүрээд байгааг энэ улсын төсвийн 43.6 их наядын зарлагаас харж болох юм.
