ГЭР ХОРОООЛЛЫН АЙЛУУДЫГ ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОНО
“Таван толгой түлш” ХХК-ийн менежмент нийслэлийн мэдэлд шилжлээ.
Хотын дарга Х.Нямбаатар "“Таван толгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлмээр байна. Иргэдээс ирж буй бухимдал, шүүмжлэл маш их байна. Сайжруулсан түлшний бүтээгдэхүүнээс болж иргэд угаартсан, хорвоогийн мөнх бусыг үзсэн, агаарын бохирдол төдийлөн буурсангүй гэсэн бодит шүүмжлэлийг хүлээж авч, цаашид тус компанийн бизнесийн чиглэл, менежмент, үйлдвэрлэлийн технологио өөр түвшинд гаргая гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагуудад хэлье.
Нэг шуудай сайжруулсан түлшийг 20,000 төгрөгөөр үйлдвэрлэж жилд нийтдээ 330-350 тэрбум төгрөгийн алдагдал үүрч, агаарын бохирдлыг шийдэж чадаагүй нь үйлдвэрлэлийн шинэчлэл сайн биш байна гэж дүгнэхээр байна. Сайжруулсан түлшний хэрэглэгчийн тоо 10-хан хувь өссөн байхад үйлдвэрлэл нь 200,000 тонноор зөрж байгаагийн цаана хулгай хаана байгааг технологийн дэвшлээр хянана.
Сайжруулсан түлшний үйлдвэр нь агаарын бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүнтэй болох чиглэл рүү шилжих ёстой. 1960-аад оны сүүлчээр Лондон хотын утаа дийлдэшгүй болж, газ руу шилжсэнээр утааны асуудлыг шийдсэн туршлага бий. Улаанбаатар хотыг дайрах ОХУ, Хятадыг холбосон байгалийн хийн төсөл эхэлсэн, олон төрлийн газыг дотоодын ААН-үүд импортлон хэрэглэж байгаа.
2025 онд нүүрс хэрэглэдэг газ руу шилжүүлэх ТЭЗҮ боловсруулах тендер зарлах гэж байна. Амжилттай болбол жил бүр гэр хорооллын бүсүүдэд 20,000 доошгүй айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ. Газын хэрэглээнд шилжсэн айлуудад татаасыг өгнө. Ингэхдээ "Таван толгой түлш” ХХК-д өгдөг 300 гаруй тэрбум төгрөгөөс айлуудад татаас өгнө. Ямар төрлийн газ хэрэглэхийг судалж байна. Тодорхой хугацааны дараа "Таван толгой түлш” ХХК хатуу түлш бус шингэрүүлсэн түлш үйлдвэрлэдэг болгох талаар мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтдийн төслийн нэгж өнөөдөр байгуулсан. Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргана" гэлээ.
Мөн сайжруулсан түлшний төвийн үйлдвэрийг ирэх оны зун хааж, газын үйлдвэр болгохоор төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол үүсгүүр 185,000 айлын яндан, 600 орчим мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож азотын давхар дутуу ислийн, 170 орчим мянган уурын зуухны, цахилгаан станцуудын, нүүрсэн яндангүй Приус загварын машины утаа юм.