“ЭРЭЛ ГРУПП”-ИЙН ЗҮҮН ТАЛААР ӨНГӨРӨХ 800 МЕТР ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ ИРЭХ САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлэн, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Энэ замыг ашиглалтад оруулснаар Нарны зам, Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм. “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй гацаад байсан юм. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгожээ.
Тэрбээр, “Түгжрэлийг багасгах хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбох юм. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно.
Нийслэлийн нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэж, стандарт хангахгүй болсон учир шат дараатай засаж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засварыг бүрэн дуусгана. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой.
Мөн шүүхийн шийдвэрийг хүндлэх хэрэгтэй. Хууль бусаар хувийн өмчид халдаагүй” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.