“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСИЙГ НУУЦ ГЭРЭЭГЭЭР “ШУУД” ЗАРАХ ХУУЛИЙН ГАРЦ ХАЙЖ ЭХЭЛСЭН ҮҮ?!

Засгийн газар баяр наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр төлөөлөгчөөр нь ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн очсон. Тэрээр 2016 оны наймдугаар сараас хойш дээрх албан тушаалд ажилласан юм.
Энэ удаад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон шалтгааныг “…“Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн Засгийн газар тэмдэглэлдээ дурджээ.
Тэгвэл, энэ хүрээнд тус компанийн нүүрсний арилжаанд нэлээд өөрчлөлт орж байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК одоо нүүрсээ биржээр зардаг. Нэмээд, нүүрсийг шууд гэрээгээр зардаг болж магадгүй байна. Гэхдээ, биржээ хаах уу, аль эсвэл давхар зарах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Ямартай ч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнгийн багийнхан нүүрсийг шууд гэрээгээр зарах хуулийн гарц судалж эхэлсэн байна. Тодруулбал, ийм онцгой дэглэмийн нөхцөлд үйлдвэр, уурхай хэрхэн ажиллах, жирийн үед дагадаг хууль тогтоомжоос яаж зайлсхийх тухайд гарц хайж эхэлжээ.
Нэгэнт, гарц гаргалгаа олдож, нүүрсийг шууд гэрээгээр зарвал “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэмтэй байгаа учир гэрээнүүд нууцад ордог “ном”-той. Гэм нь, ингэвэл нүүрсний хулгайн ид үе рүү л буцсантай ижил юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин