ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ҮҮСЭЭД БУЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН, ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗАГВАР ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ҮҮСЭЭД БУЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН, ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗАГВАР ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ, ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох зорилготой шуурхай ажлын хэсэг 2025 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо
Хуралдааны үеэр гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжүүлэх хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн загварыг танилцууллаа. Энэ загвар нь 10 айл нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд өртгийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах давуу талтай юм
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Эрчим хүчний салбар бол улс орны хөгжлийн суурь. Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрүүд, V цахилгаан станц болон хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн техник, хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоолол хийж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллаж байна” хэмээн онцоллоо
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнг гаргахын тулд дулааны шугам сүлжээг хамгийн түрүүнд сайжруулах шаардлагатай. Энэ нь бүтээн байгуулалтад суурь нөхцөл болох юм” хэмээн хэлсэн бол Эрчим хүчний яамны ахлах шинжээч Б.Баттөмөр “205 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Тэднийг төвлөрсөн сүлжээнд холбох нь өртөг өндөртэй тул хамтран хэрэгжүүлэх боломжит шийдэл бүхий загваруудыг боловсруулж байна” гэдгийг онцоллоо