ЭР ЗОРИГТНУУДЫН "ОРШУУЛГЫН ГАЗАР" БОЛСОН ЭВЕРЕСТИЙГ ҮЗЭХ ГЭЖ ЖИЛД 25 МЯНГАН ЖУУЛЧИН ОЧДОГ
Эр зоригтнуудын "оршуулгын газар" хэмээн нэрийддэг Эверестийн өндөр оргилыг үзэх гэж жилд 25 мянган жуулчин зорьж очдог байна. Эгц өндөр элгэн хадтай энэ уулыг Төвдүүд уулсын бурхан гэж нэрлэдэг бол Балбачууд тэнгэрийн магнай гэж нэрлэдэг байна. Эверест оргилыг эрдэмтэд 50-60 сая жилийн настай гэж тайлбарладаг ажээ.
Дэлхийн хамгийн өндөр энэ ууланд өнгөрсөн хугацаанд 6000 гаруй уулчин зорьж авиралт мацалт хийсэн бөгөөд 350 гаруй нь бууж ирэлгүй дэлхийн дээвэрт үүрт нойрссон гэх харамсалтай статистик байдаг ажээ.
Манай улсын олон уулчид зорьж байсан бөгөөд анхны нь гавьяат уулчин Ц.Өсөхбаяр юм. Харин энэ жил манай улсын гурван уулчин хөтөчгүй хүчилтөрөгчгүйгээр оргилд авирч, түүхэн рекорд тогтооно гэж яваад хоёр нь зуурдаар амь эрсэдсэн харамсалтай үйлдэл боллоо.
Багийн ахлагчийнх нь бие муудаж, нүд нь өвдсөн учраас авиралтаа зогсоож, доошоо бааз руу бууж ирсэн байгаа юм. Хэдэн өдөр сураггүй болсон хоёр уулчны цогцсыг олсон бөгөөд эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа юм байна.