ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА Ч ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ ХЭМЖЭЭНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДРЭЭГҮЙ
Иргэд улсын эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа төлбөр төлдөг болно гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан байр сууриа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа. Гэсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй. Монгол-Японы эмнэлгийн хувьд ЭМДЕГ-тай санхүүжилтийн гэрээ хэтэрсэн. Тиймээс ханиад томууны улиралд нэн шаардлагатай тусламж үйлчилгээг түлхүү үзүүлж, зайлшгүй биш үйлчилгээг зогсоох шаардлагыг тавьсан.
Эрүүл мэндийн даатгалын сан 2024 онд 1,93 их наяд төгрөгийн санхүүжилттэй байсан. Оны эхэнд хэт их зарцуулалттай байснаас үүдэн өнөөдөр доголдол үүссэн. Тиймээс зарим нэг хэмнэлтүүдийг хийж, шаардлагатай санхүүжилтийг даатгалын сан руу төвлөрүүлж тусламж үйлчилгээг таслахгүй явуулж байна.
Харин рашаан сувилал, архаг ядаргааг эмчлэх гэх зэрэг нэн шаардлагагүй эмчилгээнүүдийг зогсоож, ханиад томууны эмчилгээг түлхүү хийх зохицуулалт хийсэн байгаа гэв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу 2021 оноос ЭМДС-д төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй.
Энэ оны зарцуулалт эхний улирал болон төгсгөлийн саруудын санхүүжилтийг урагш татаж хэрэглэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн боловч улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ зогсоох, улмаар төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлд хүрээгүй.
Зарим нэг улсын эмнэлэг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-тай гэрээ хийсэн бөгөөд 2024 оны гүйцэтгэлийн гэрээ хэтэрсэн нөхцөл байдал үүссэн.
Эдгээр эмнэлэгтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн байдалтай уялдуулна. Томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаа учраас архаг хууч өвчлөлтэй биш бол хэвтэн эмчлүүлэхээс аль болох зайлсхийж ажиллах чиглэлийг өгсөн.
Нэн шаардлагатай, яаралтай тусламж, хавдрын тусламж үйлчилгээнүүдэд ямар нэгэн алдагдал, санхүүжилтийн эрсдэл үүссэн зүйл огт байхгүй.
Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш нэлээд зохицуулалтыг хийж, зарим нэг сайдын багцын хэмнэлтүүдийг хийж Эрүүл Мэндийн Даатгалын Сан руугаа төвлөрүүлж байна" гэлээ.
"Монгол-Японы эмнэлэг тусламж үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа"
Үргэлжлүүлэн "Арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард эмнэлгийн тусламж үйлчилгээ, ялангуяа нэн яаралтай тусламж үйлчилгээнд доголдол гарч, ард иргэдэд чирэгдэл үүсгэн, санхүүгийн эрсдэл, хүндрэл учруулахгүйгээр 2024 оныг дуусгах боломж бүрдсэн.
Монгол-Японы эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. ЭМД-ын тусламж үйлчилгээ хүрдгээрээ хүрч байна.
Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантай. ЭМДС нь хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаан тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн.
Томоохон эмнэлэгт энэ гэрээ хэтэрсэн асуудал бий. Тодруулбал
- Монгол-Японы эмнэлэг
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
- Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Гэхдээ гэрээний хэтрэлт боллоо гээд нэн яаралтай буюу шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй.
Рашаан сувилалд архаг ядаргаа зэрэг оношоор хэвтэн эмчлүүлэхийг гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, үйлчилгээгээ үзүүлэх зохицуулалт хийсэн.
Эрүүл Мэндийн Яам бодлого тодорхойлдог байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна.
ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрч байгаа юм.
Үүнийг тухайн сар бүрд нь хуваарилаад хэрэглэх ёстой бол арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сарынхыг урагш нь татаад эхний улирлуудад зарцуулалт нь хийгдсэн юм. Тийм учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсжээ.
ЭМД-ын санд төвлөрөх ёстой санхүүжилтийн төвлөрөл өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байгаа. Эргээд даатгалаас хуримтлал үүсгэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй.
Санхүүгийн зарцуулалтын хувьд оны эхний улирлуудад ийм асуудал үүссэн учраас ирэх жилүүдэд сар болгон зарцуулах гэрээгээ тодорхой хийж, сар бүр санхүүгийн сахилга баттай байж зарцуулалтаа оновчтой зөв болгож явах ёстой" гэж тайлбар хийлээ.