ДОМОГТ ИХ АВАРГА ДАГВАЦЭРЭНГИЙН ХАДБААТАР АВАРГЫН ХОРИГДОЖ БАЙСНЫГ П.БАДАМДОРЖ ХУРАНДАА ИНГЭЖ ЯРЬДАГ

GNNGNN
Jun 25, 2025  
 0
ДОМОГТ ИХ АВАРГА ДАГВАЦЭРЭНГИЙН ХАДБААТАР АВАРГЫН ХОРИГДОЖ БАЙСНЫГ П.БАДАМДОРЖ ХУРАНДАА ИНГЭЖ ЯРЬДАГ

Наадам дөхөхөөр Хадаа аваргын барилдсан, түрүүлж үзүүрлэсэн, мөн цуут хүлэг Сүрэнхорын хээрийн ирж уралдсан, хол саахалт түрүүлсэн наадам ард түмний сэтгэлд бодогддог. Гэхдээ энэ их бөх эгэлгүй хүчтэн, цуут ажнай хоёрын хувь заяа даанч харуусмаар. Хадааг шоронд байхад хорихын даргаар ажиллаж байсан хоёр хурандаатай миний бие уулзаж байлаа. Бэрлэгийн хорихын дарга Б.Нацаг хурандаа “Хадаад таарах хувцас байхгүй. Орос цэргүүдийн гутал авчрахад дээд тал нь 44 размер. Хадаа 46-г өмсөнө. Ингээд бөхийн гутал болох хүрэн гутлаа баглаж чирээд, зундаа шуудагтайгаа явж байдаг сан” гэж хэлсэн.

1974 онд очоод далан таван оны наадмын өмнөхөн суллагдсан байдаг. “Алдар”ын Ч.Өвгөнхүү багш нь АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готовын гарын үсэгтэй бичигтэй очсон гэдэг. Суллагдсан тэр жилээ зодоглоод заан болжээ. Наян найман онд гурав дахиа хоригдоход нь хурандаа П.Бадамдорж Мааньтын чанга дэглэмтэй хорих ангийн орлогч дарга байв. Хадаатай хэдэн жил “зууралдсан” нэгэн. “Аавын цээж”-ийн арын хаалган дээр хаалт маягаар суугаад 10 хоригдлын хамт 10 жилийн ялтай иржээ. “Хадаа яг үнэнээ хэлдэг байсан” гэж хурандаа хэлсэн.

Нэг шөнө Хадаа архи уугаад хоножээ гэсэн дуудлага ирлээ, дуудуултал чехийн нөхөд 10 шил пиво өгсөн, тавыг нь уусан гэв. Хүмүүс талх, хиам, молоко гээд байгаа бүхнээ өгнө. Албан хаагчид борцгүй байхад Хадаа л борцтой байна. 1986 онд аварга болоход нь Арвай генерал чиргүүлтэй 30 өгч, түүнийгээ бариад давхиж явахад нь нэг бүсгүй таарч “Аварга цолыг чинь мялааж байна, ганцаараа уугаарай” гээд архи өгсөн. Тэр шөнө нөгөө хүүхэнтэйгээ хоносон, гэхдээ янз бүрийн юм болоогүй гэж өөрөө хэлдэг. Өглөө хар машинтай хүмүүс ирээд “За хулгайч минь шорондоо явна аа” гээд баривчилжээ.

Гавьяат хуульч хурандаа П.Бадамдоржийн ярианаас анзаарахад Хадаа аваргад одоогийнхоор бол гүйцэтгэх ажиллагаа явсан юм байна гэж анзаарагддаг. Шоронд уурын зууханд ажиллаж байхад нь хар савхитай жижигхэн шар хүүхэн ирж хацар дээр нь үнссэн тухай хурандаа хэлсэн. “Намайг ийм хэрэг хийсэн гээд байгаа юм” гэж өчсөн Халхын их аваргын үнэн үг байжуу гэж бодогддог.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Гантулга