CIETAC: МОНГОЛЫН ШҮҮХ“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК-ИЙН БАРЬЦААГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНООР ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХАНГАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хувьцааны 22 хувийг эзэмшдэг Монголын хувьцаа эзэмшигч нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон холбогдох БНХАУ-ын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдээгүй гэх мэт хууль эрх зүйн ноцтой зөрчилд хүргэсэн. Энэхүү маргаан нь зөвхөн Хятадын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк /CDB/, Хятадын экспорт-импортын банк /Эксим/, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм” гэж Монголын төр засгийн албан тушаалтнуудад захидал хүсэлтийг илгээж байв. Энэхүү захидал, хүсэлт нь 2026 оны явдал.
Харин 2019-2022 оны хоорондох хугацаанд Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо буюу CIETAC нь Хятадын Хөгжлийн банк /CDB/- ны нэхэмжлэлтэй Монгол Улсын “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийг хариуцагчаар татсан маргааныг таслах F20191268 дугаартай хэргийг хэлэлцэж 2022 оны 12 дугаар сарын 27-нд эцэслэж шийджээ.
CIETAC-ийн арбитрын бүрэлдэхүүний тухайд: Арбитрч Tao Xiuming даргалж, бүрэлдэхүүнд нь арбитрч Lu Song, Li Hongji нар ажиллажээ.Арбитрын шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хятадын Хөгжлийн банк /CDB /-ны хууль ёсны төлөөлөгчөөр Wu Zhenhao, хуулийн “TianTong Law Firm”-ийн Gu Jia, Wu Ying, Huang Ziyi, Chen Yingyun, Zheng Junwei нар, хариуцагч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбат, Д.Баярцэнгэл, хуулийн “Hua Mao & Gui Gu Law Firm”-ийн Yang Yuanqing, Cheng Zien, Lang Wuyu, Hu Xiaofeng, Guo Yeyu нар оролцжээ.
Хэргийн тухайд: -БНХАУ-ын Хөгжлийн банк /CDB/-наас Монгол Улсын “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн эсрэг Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо буюу CIETAC-д Ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан.
Барьцааны гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг бүртгэсэн тухайд: -Кайманы арлуудын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан Lung Ming Mining Co., LtdМонгол Улс дахь Ерөө голын төмрийн хүдрийн уурхайг ашиглахаар гэрээ хэлцэл хийж хөрөнгө оруулсан. Lung Ming-ийн хяналтын хувьцаа эзэмшигч нь Xiaoming юм.Хариуцагч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь тухайн үед Lung Ming-ийн 100 хувь эзэмшлийн охин компани байжээ. Тус компани нь Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол гэх газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх 008888 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрлийг 2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АМГТГ бүртгэсэн. 2011 оны эхээр Lung Ming өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нийт 480,000,000 ам.долларын гурван зээл авахаар Хятадын Хөгжлийн банк /CDB/-нд хүсэлт гаргасан. 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Lung Ming нь CDB-нд үүрэг хүлээсэн тухай захидал гаргаж, баталгаанд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Li Xiaoming нь CDB-тай Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Дээр дурдсан Барьцааны гэрээг байгуулсны дараа хоёр зээлийн гэрээ байгуулсан. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр CDB, Lung Ming Li Xiaoming болон Chen Caixiaнар 117,000,000 ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр CDB нь нийт 117,000,000 ам.доллар хүртэлх хэмжээний хугацаат зээлийн шугамыг Lung Ming-д олгохоор тохиролцсон. Дахин 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр CDB, Lung Ming Li Xiaoming болон Chen Caixia нар 58,000,000 ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр CDB нь нийт 58,000,000 ам.доллар хүртэлх хэмжээний хугацаат зээлийн шугамыг Lung Ming-д олгохоор тохиролцсон. Зээлийн нийт дүн 175,000,000 ам.доллар байв. Зээлийн гэрээнүүдийн 1.1 дэх заалтын дагуу тэдгээрийн барьцааны баримт бичгүүдэд “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцаа” багтсан байна.
Зээлийн гэрээнүүдийн гүйцэтгэл, Үүргийн зөрчлийн тухай мэдэгдэл хүргүүлсэн тухайд: -CDB нь Зээлийг Зээлийн гэрээнүүдэд заасан өдөр, журмын дагуу олгосон. Lung Ming нь 2014 оны 4 дүгээр сард Зээлийн гэрээнүүдийн дагуух үүргээ анх удаа зөрчсөн. Энэхүү арбитрын хэрэг үүсэх өдрийг хүртэл CDB нь Lung Ming-ээс үндсэн Зээлийн эргэн төлөлтөд нийт 7,000,000 ам.доллар гаргуулж чадсан. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр CDB нь Үүргийн зөрчлийн тухай мэдэгдэл ба хугацаа хэтэрсэн төлбөрийг шаардах тухай бичгийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн Монгол дахь оффис руу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлжээ.2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр CDB нь “2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах гэрээний зөрчлийн мэдэгдлийг шуудан хүргэлтийн үйлчилгээгээр болон CDB-ийн Монгол дахь өмгөөлөгч GTS-ээр дамжуулан биечлэн “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д хүргүүлжээ. Тус компани 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Барьцааны зөрчлийн мэдэгдлийг хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурсан байна.
CDB-ийн гаргасан Арбитрын нэхэмжлэл дэх эцсийн шаардлага: -Тусгай зөвшөөрөл дээр хүчин төгөлдөр барьцааны эрхтэй бөгөөд нэгдүгээр ээлжийн барьцааны эрх эзэмшдэг болохыг тогтоох;CDB нь барьцаалсан Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага хангасан хуулийн этгээдэд шилжүүлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэх;CDB нь Тусгай зөвшөөрлийг худалдсан, эсхүл шилжүүлсний орлогоос Зээлийн гэрээнүүдийн дагуу CDB-д төлөх ёстой 166,000,000 ам.долларын үндсэн зээл;бодит төлбөр хийгдэх өдрийг хүртэл хуримтлагдах хүү болох 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг оруулалгүйгээр урьдчилсан байдлаар тооцсоноор 86,436,009.30 ам.доллар;CDB-ийн төлсөн, 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар урьдчилсан байдлаар тооцсон 19,783,444.97 юанийн эрх хэрэгжүүлэх зардал; CDB-нд энэхүү арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан өмгөөллийн хөлс, зардлыг Хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх; энэхүү арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хураамж, зардлыг Хариуцагчаар хариуцуулахаар шийдвэрлэх; CDB-ийн энэхүү арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан бусад зардал, тухайлбал хамгаалалтын болон түр арга хэмжээний хураамж, зардал, аливаа баталгаа гаргахтай холбогдсон зардал, нотариатын гэрчлэлийн хураамж, замын зардал, орчуулгын зардал, судалгаа шалгалтын зардал, зарлан мэдээлэх зардал зэргийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иар CDB-д нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхийг хүсэж байна.
Барьцааны гэрээг хэрэгжүүлэх боломжийн тухайд: -Хуралдааны үеэр “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь “Зээлийн зориулалтыг мэдээгүй байсан. Зээлийг Зээлийн гэрээнүүдэд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Барьцааны гэрээг хэрэгжүүлэх боломжгүй” гэж маргасан.CDB нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн эсэргүүцлийн эхний үндэслэлийг үгүйсгэж “Lung Ming CDB-ээс Зээл хүсэх үед “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Lung Ming-ийн 100 хувь эзэмшлийн охин компани байсан бөгөөд Зээлийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хөгжилд зарцуулсан тул “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Зээлийн зориулалтыг анхнаасаа мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй” гэж тайлбарласан. CDB цааш нь “Хэрэв тийм биш байсан ч гэсэн, “Дорны говь”-ийн тухайн үеийн ТУЗ-ийн дарга бөгөөд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрсайхан нь Хонконгод өөрийн оролцсон Зээлийн гэрээнүүдийн дагуух Зээлийн зориулалтыг тэмдэглэсэн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан. Тийм учир “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Зээлийн гэрээнүүд болон Зээлийн зориулалтыг мэдэж байх ёстой” байсан гэж маргасан.“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийнэсэргүүцлийн хоёр дахь үндэслэлийн тухайд CDB нь “Бодит байдал дээр бүх Зээлийг Зээлийн гэрээнүүдэд заасан зориулалтаар ашигласан. CDB нь уг Зээлийн ашиглалтад хяналт тавих гэрээний болон хуулийн үүрэг хүлээгээгүй тул уг үндэслэл нь үндэслэлгүй. Эхний Зээлийн гэрээний дагуу татсан 117,000,000 ам.долларыг бүхэлд нь Ерөө сумын Төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд ашигласан. Erlian Lung Ming-ийн үндсэн үйл ажиллагаа нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хүдрийн бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд ашигладаг зүтгүүр, вагонд засвар, үйлчилгээ үзүүлэх явдал байсан.Гэхдээ CDB нь Зээлийн ашиглалтад хяналт тавих үүрэг хүлээгээгүй тул Зээлийн ашиглалт нь Барьцааны гэрээг хэрэгжүүлэх боломжид ямар ч хамааралгүй. Барьцааны гэрээ, Зээлийн гэрээнүүдийн аль нь ч CDB-д хяналт тавих үүрэг хүлээлгээгүй” болохыг онцолсон.
Үүнд Арбитрын бүрэлдэхүүн “Болдтөмөр Ерөө гол” ХХК Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурах үед Lung Ming-ийн 100 хувь эзэмшлийн охин компани байсан гэдгээрээ биш юм гэхэд Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурахаас өмнө Б.Дэлгэрсайхан “Дорны говь”-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурснаар Зээлийн зориулалтыг мэдэж байсан нь гарцаагүй гэсэн дүгнэлтэд хүрэв.Б.Дэлгэрсайхан “Дорны говь”-ийн ТУЗ-ийн даргын хувиар 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан дээрх ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд Lung Ming Mining, CDB хоёр зээлийн гэрээ байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд уг гэрээнүүдийн дагуу CDB нь Монгол Улсад флотацийн үйлдвэр болон түүнд туслах зүтгүүрийн засварын станц, Хятад Улсад зүтгүүрийн засварын бааз барих ажлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор Зээлдэгчид 117,000,000 ам.доллар, 58,000,000 ам.долларын хоёр зээлийн шугамыг тус тус олгох талаар дурдсан нь Зээлийн гэрээнүүдэд заасан Зээлийн зориулалттай нийцэж байна. Мөн “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг “Дорны говь” 100 хувь эзэмшиж байсан бөгөөд энэхүү ТУЗ-ийн хурлын үед Б.Дэлгэрсайхан нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Дорны говь”-ийн ТУЗ-ийн даргаар зэрэг ажиллаж байсан гэдгийг Арбитрын бүрэлдэхүүн харгалзан үзэж байна. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан огноо болон Зээлийн гэрээнүүдийг байгуулсан огноо хоорондоо ойрхон байгааг харгалзан “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь энэ үед авах гэж буй Зээлийн зориулалтыг бүрэн мэдэж байсан нь гарцаагүй. Ямар ч тохиолдолд Зээлийн зориулалтыг мэдэж байх нь Барьцааны гэрээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл биш гэж Арбитрын бүрэлдэхүүн үзэж байна” гэжээ.
Арбитрын бүрэлдэхүүн Зээлийн бодит ашиглалтын тухайд:-Зээлийг Зээлийн гэрээнүүдэд заасан зориулалтаар, өөрөөр хэлбэл Ерөө сумын Төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд үнэхээр ашигласан гэх CDB-ийн нотлох баримтыг Арбитрын бүрэлдэхүүн хүлээн авч байна. “Болдтөмөр Ерөө гол” ХХК Арбитрын бүрэлдэхүүний өмнө эсрэгээр маргахыг оролдсон боловч Арбитрын бүрэлдэхүүнийг өөрөөр шийдвэрлэхэд хүргэх аливаа шууд нотлох баримтыг гаргаж чадаагүй. Түүнчлэн энэ хэрэгт CBD-ийн ирүүлсэн нотлох баримтын дагуу CBD нь Зээлийг зээлдэгч Lung Ming-ийн CBD-д нээж, эзэмшиж байсан төлбөр тооцооны дансанд олгосон бөгөөд улмаар Lung Ming нь Зээлийг уг данснаас татан Ерөө сумын Төслийн зорилгоор гуравдагч этгээд болох янз бүрийн бараа, үйлчилгээ нийлүүлэгчдэд зарцуулсан. Иймд Lung Ming нь Зээлийг үнэхээр хүлээн авч, Зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашигласан гэж Арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна.
Мөн Арбитрын бүрэлдэхүүний дүгнэлтэд “Энэхүү арбитрын ажиллагааны явцад “Болдтөмөр Ерөө гол” ХХКнь өөрийн MV-008888 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хятадын Эксим банк болон CDB-нд барьцаалсан холбогдох бүртгэлийг хүчингүй болгохыг хүссэн. Захиргааны хэргийн Анхан шатны шүүх “Болдтөмөр Ерөө гол” ХХК болон “Infinity Space” ХХК-ийн талд шийдвэрлэж, Барьцааг бүртгэсэн шийдвэрийг бүртгэлээс хасах буюу хүчингүй болгохыг даалгасан. Харин CBD болон Эксим банкны давж заалдах гомдлоор Монгол Улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн холбогдох барьцааны бүртгэлийг хүчингүй болгохыг АМГТГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зэргээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Үүний дараа “Болдтөмөр Ерөө гол” ХХК Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах оролдлого хийсэн. 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдааны үр дүнд мөн хүлээн авагдаагүй. Дээрх баримтад үндэслэн “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Монгол Улсын захиргааны хэргийн шүүхүүдээр Барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн оролдлогодоо амжилт олоогүй гэж Арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна” гэсэн байна.
Арбитрын бүрэлдэхүүний дүн шинжилгээний тухайд: -Lung Ming нь Зээлийг эргүүлэн төлөх үүргээ зөрчсөн бөгөөд энэ нь Зээлийн гэрээнүүд болон Барьцааны гэрээний дагуух үүргийн зөрчлийн тохиолдол мөн.CDB нь CIETAC-ийн F20192167 дугаартай арбитрын хэргийн Арбитрын бүрэлдэхүүний шийдвэрлэсэн үүргийн зөрчлийн дүнг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иас гаргуулах боломжтой байх ёстой. Гэвч Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын дагуу Тусгай зөвшөөрлийн Барьцааг бодитоор бүртгэлээс хассан тул Арбитрын бүрэлдэхүүн нь Барьцаанаас үүргийн зөрчлийн аливаа дүнг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иас шаардахад CDB-д туслах боломжгүй болсон байна.
Монгол Улсын Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын тухайд: -2 дахь хуралдааны үеэр “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын хуулбарыг гаргаж өгөөд “Уг тогтоолоор Эрүүгийн хэргийн шүүх Барьцааны гэрээг залилангийн замаар байгуулсан болохыг тогтоосон бөгөөд үүний үр дүнд шүүх Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, CDB-г Тусгай зөвшөөрлийн барьцаалагчаар бүртгэсэн 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон” гэж тайлбарласан.
Харин CDB “Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолд БНХАУ-ын иргэн,“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Li Xiaoming нь банкуудаас Зээл авах хэлцлийг зохион байгуулсан гэж дурдсан боловч Li Xiaoming-д холбогдуулан мөрдөн шалгалт явуулсан, эсхүл түүнийг залилангийн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоосон тухай ямар ч тэмдэглэл байхгүй. Мөн Барьцааны гэрээг залилан мэхлэх үйлдлээр, эсхүл шүүгдэгч Г.Оюунсүрэнгийн ятгалгаар байгуулаагүй. Харин CDB-ийн нотлох баримтаар нотлогдсоноор “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөөр байгуулсан” гэж маргасан.
Энэ тухайд Арбитрын бүрэлдэхүүн “Зээлийг Монгол Улс дахь Ерөө сумын Төсөлд зохих ёсоор ашигласан тул Зээлийг Монгол Улс дахь талуудад биет байдлаар шилжүүлсэн, эсхүл зарцуулсан эсэх нь гэрээний болон практикийн аль ч талаас хамааралгүй юм. Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрээ гаргахдаа үндэслэсэн хууль зүйн үндэслэлийг Арбитрын бүрэлдэхүүн огтхон ч үнэмшилтэй гэж үзэхгүй байна. Гэхдээ Эрүүгийн хэргийн шүүх эцэст нь Барьцааг бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийн дагуу бүртгэлээс хассан гэдгийг Арбитрын бүрэлдэхүүн ухамсарлаж байна. CDB-ийн энэхүү арбитрын хэрэгт эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж буй Барьцаа одоо оршин байхаа больсон гэдгийг Арбитрын бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. CDB-ийн Барьцаанд холбогдох нэгдүгээр ээлжийн барьцаалагчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Арбитрын бүрэлдэхүүн энэ байдлыг ихэд харамсаж хүлээн зөвшөөрч байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч ирээдүйд аливаа ажиллагааны үр дүнд Барьцааг сэргээсэн тохиолдолд CDB нь Барьцааны гэрээн дэх арбитрын заалтын дагуу арбитрын ажиллагааг шинээр үүсгэх эрхтэй болно.
Арбитрын шийдвэрийн тухайд: -CDB-ийн материаллаг шаардлагуудын аль нэгийг хангахад саад болсон цорын ганц шалтгаан нь Барьцааны гэрээ болон Барьцааг хүчин төгөлдөр бус болгосон Монгол Улсын Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр бөгөөд энэ шийдвэр нь CDB-ийг барьцаалагчийн эрхээ хэрэгжүүлэх үйл баримтын үндэслэлгүй болгосон юм. Ийм нөхцөлд гэрээ байгуулах үйл явцын туршид, өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас эхлээд бодит гүйцэтгэл хүртэл CDB нь Барьцааны гэрээний хүрээнд алдаа гаргаагүй, аливаа буруутай үйлдэл хийгээгүй гэж Арбитрын бүрэлдэхүүн үзэж байна. Харин эсрэгээрээ Барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч болох “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь CDB-ийн эрх тулгуурлах ёстой, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд хэрэгжүүлэх боломжтой барьцааг хадгалж чадаагүй гэж үзэж болох юм. CDB нь энэхүү арбитрын хэрэгт материаллаг бүх шаардлагаараа ялагдсан хэдий ч энэ үр дүн нь Барьцааны гэрээнд заасны дагуу хүчин төгөлдөр барьцааг хадгалж чадаагүй “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн үйлдэлтэй хэсэгчлэн холбоотой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” гэж 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн шийджээ.
Х.ГАНЖУУР
