ЧУУЛГАН РУУ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин, зураглаачдыг УИХ-ын чуулганы танхим руу нэвтэрч, хуралдааны үйл явцыг харуулсан үйл явдлыг дамжуулахыг хориглох шийдвэрийг гаргасан билээ.
2025 оны 5-р сараас УИХ-ын чуулганы танхим руу нэвтрэх боломжийг хязгаарлаж, хориглосон шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргасан нь төр, засгийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг хаасан, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн мэдээ, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хөндөж буй. Мөн иргэдийн мэдэх, мэдээллээр хангагдах гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг нэгэн зэрэг хөндөж байгаа учир дээрх шийдвэрийг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс эсэргүүцэж шаардлага хүргүүллээ.
Шаардлагыг УИХ-ын Тамгын газар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь ИЗНН-ын дарга Б.Батбаатар,ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ дахь Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд тус тус хүргүүллээ.
