Ч.ЛОДОЙСАМБУУГ ЯАГААД УИХ-Д СОНГОХ ЁСТОЙГ СЭТГҮҮЛЧИД ИНГЭЖ ХЭЛЛЭЭ

GNNGNN
Jun 11, 2024  
 0
Ч.ЛОДОЙСАМБУУГ ЯАГААД УИХ-Д СОНГОХ ЁСТОЙГ СЭТГҮҮЛЧИД ИНГЭЖ ХЭЛЛЭЭ

Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй. Мэргэжил нэгт сэтгүүлчид түүнийг халуун дулаанаар тосон авч, дэмжихээ илэрхийлсээр байна. Тэд Ч.Лодойсамбууг дэмжиж буй шалтгаанаа ийн тайлбарлалаа.  

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Сэтгүүлзүйн салбарыг, сэтгүүлчдийг нийгмийн эмч гэдэг. Бид нийгмийг эмчлэх үүрэгтэй. Мэргэжил маань ч тийм. Тийм учраас манай салбарынхан олноороо Их хуралд орох хэрэгтэй. Бидний хамгийн тулгамдсан асуудал эрх зүйн орчин байна. Редакцуудыг хаадаг боллоо. Гэрт нь хорьдог боллоо. Мэргэжлээр нь ажиллуулахгүй боллоо. Тэгэхээр манайхан бөөндөө Их хуралд орж байж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад тус дэм болно, нийгмээ, улс орноо эмчилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас миний хувьд, мөн МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд, Хан-Уул дүүргийн оршин суугчийн хувьд аль хэдийнэ сонголтоо хийчихсэн. Лодойсамбуу сэтгүүлчийг дэмжинэ гэдгээ хаана ч хэлээд явж байна. Лодой улаан микрофонтойгоо маш олон асуудлыг “эмчилсэн”. Эрх чөлөө гэдэг зүйлийг улс оронд нь очиж үзээд, мэдрээд ирсэн хүнийх нь хувьд Их хуралд зайлшгүй байх ёстой сэтгүүлч гэж үзэж байгаа.  

Комедиан Г.Амартүвшин:

-Монголын улс төрд хурц хүмүүс хэрэгтэй байна. Өнгөрсөн 4 жилд мөлгөр парламент байлаа ш дээ. Сөрөг хүчин ч сөрөг хүчнээ хийдэггүй. Эрх баригчид нь ч хоорондоо ярилцдаггүй. Даргын шийдвэрээр явчихдаг. Одоо бол өөрийн гэсэн өнцөгтэй, хурц дайчин, юмыг хийвэл хийчихдэг хүмүүс хэрэгтэй байна. Лодой тэрийг хийж чадна гэж би бодож байгаа. Хурц байж чадна, өөрийнхөө үзэл санааны төлөө явна гэж би харж байна. Би Лодойдоо нэг юм захиж хэлье. Одоо Монголд хоорондоо зөвшилцдөг, хор найруулдаг улстөрчид хангалттай их байна аа. Лодой үзэл санааны улстөрч байгаасай. Зөвшилцдөггүй, үзэл санаан дээрээ хатуу зогсдог, тэрийгээ хамгаалдаг, тэрнийхээ төлөө хатуу, чанга үг хэлж чаддаг байгаасай. Тийм сөрөг хүчний хүн байгаасай.

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь төрийн эрх мэдлийг багасгана аа л гэсэн үг. Манай улс хэтэрхий данхар төртэй болчихлоо шүү дээ. Түүхэнд байгаагүй олон яамтай, сайдтай боллоо. Түүхэнд байгаагүй өндөр төсөв, их дарамт, данхар төртэй болчихлоо. Энийг л багасгая. Данхайсан, аймшигтай томорсон энэ төрийг Лодой багасгаж чадах байх аа. Үүний төлөө үгээ хэлж чадах байх. Хурц байж чадах байх. Алалцаж чадах байх аа.

NTV телевизийн сэтгүүлч Г.Энэбиш:

-Лодойгийн тухайд, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй сэтгүүлч. Яг энэ үед, нэг нам хэт олон жил засагласан энэ үед эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, хувь хүний эрхийг дээдэлдэг хүн парламентад орох хэрэгтэй. Лодойг ард түмний төлөөлөл байж чадах болов уу гэж харж, хүлээж, итгэж байгаа.

“Ийгл” телевизийн сэтгүүлч Н.Баасандамба:

-Одоо бид чинь хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байраар ухарчихлаа. Нөхцөл байдал туйлын амаргүй, хэвлэлийн эрх чөлөө маш эмзэг байна. Яг ийм цаг үед манай салбарын маш тод дуу хоолой, үзэл санаа УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөөнд орж байгаад би туйлын их олзуурхаж, хүлээж авч байна. Яагаад гэхээр, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг байнга зүлгэж, арчилж, тордож байхгүй бол маш амархан бүдгэрдэг гэдгийг амьдрал бидэнд харууллаа шүү дээ. Лодойсамбуу УИХ-д орвол энэ эрхийг бэхжүүлэхийн төлөө, хангуулахын төлөө явна, гараа хумхиад суухгүй гэдэгт би бат итгэдэг.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр:

-Аливаа асуудлыг углуургаар нь харах шаардлагатай. Сэтгүүлчид  өдөр тутам асуудалтай нүүр тулж, шийдэл, гарц гаргалгааг нь олж, хэлж байдаг. Тийм учраас би сэтгүүлчдийг илүү давуу талтай гэж харж байгаа. Лодойсамбуу бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үлгэрлэж чадах хүн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө буюу хүн болгонд, Монгол Улсын иргэн болгонд хамаатай энэ асуудал дээр манлайлагч зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн 8 жилд энэ үзүүлэлтээр Монгол Улс маш олон байраар ухраад, өнөөдөр 109-рт орлоо. Бид саяхан л “Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс” байсан бол өнөөдөр бараг эрх чөлөөгүй улс болсон. Та үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ямар нэг байдлаар буруутах, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй нүүр тулсан. Энэ цаг үед үүнийг шийдвэрлэх, гарц гаргалгааг олж харах, хууль санаачлах, манлайлал үзүүлэх хүмүүсийн нэг бол Лодойсамбуу сэтгүүлч.

МСНЭ ч хууль эрх зүйн орчноо сайжруулах тал дээр манлайлагч бий болгох шаардлагатай байна. Тийм учраас Хан-Уулд амьдардаг хэвлэл мэдээллийнхэн, энэ салбараас мэдээллээ олж авдаг иргэд Лодойсамбууг дэмжээсэй. Яагаад гэвэл, ардчиллын үнэ цэнэ болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг чинь хамгаалж, туг нь болох хүн бол Лодойсамбуу юм аа.

Сэтгүүлч У.Оргилмаа:

-Өмнө нь бид сонгогчдын хүсэл сонирхлыг УИХ-д илэрхийлээд, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдүүлэхэд дуу хоолойгоо сонсгох байх гэж итгэж сэтгүүлчдийг УИХ-д сонгодог байсан л даа. Чин үнэнийг хэлэхэд, хамгийн анх Алтайг гишүүн болоход нь маш их итгэж найдсан. Түүнээс хойш нэлээд олон сэтгүүлч УИХ-ын гишүүн боллоо. Ер нь төрөл арилжчихдаг гэж хэлэхэд хатуудах байх. Маш хангалтгүй, ерөөсөө сэтгүүлч байсныг нь таг мартахуйц ажилласан. Энэ удаа би яагаад Лодойсамбууг дэмжиж, УИХ-д сэтгүүлч байж болно гэсэн итгэл үнэмшилтэй байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хамгийн тод, чанга эмоцтой дуугарсан, олон нийтийг уриалсан, асуудлыг анхаарлын төвд тавьсан. Энэ байдлаас нь харахад, Лодой УИХ-д өөрчлөлт хийж чадах, тэргүүн эгнээнд явах залуу. УИХ-ын 9 дэх сонгуульд нэр дэвшиж буй Лодойсамбуу дүүдээ амжилт гаргахыг хүсэн ерөөж, дэмжиж байгаагаа илэрхийлье.

UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж:

-Улс төрд сэтгүүлчид орохын давуу тал бий. 1-рт, улс төрийн салбарыг сайн мэддэг. Хажуугаас нь маш удаан ажиглаж ирсэн. 2-рт, энэ салбарыг яаж өөрчлөхийг мэддэг. Энэ өөрчлөлтийг сэтгүүлчид хийж чадна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Бидэнд байгаа хамгийн том зүйл бол ардчилал. Сүүлийн үед хүмүүсийн амнаас “Ардчилал гажуудлаа. Ардчилалд аюул учирлаа” гэсэн үг олон гарах боллоо. Энэ бол бид бүхэнд хамгаалах үүрэг байгааг сануулж байгаа хэрэг. Ардчиллыг хамгаалах бүх боломж, бололцоо бид бүхэнд байгаа. Ардчилал бол сонголт юм аа. Сонголтоо хийснээр бид бүхэн ардчиллаа хамгаална, ардчиллыг авч үлдэнэ, ардчиллын гажуудлыг цэгцэлнэ.  

Манай Лодой маш хэрсүү. Улстөрч болоод, онцгойрон ялгарч чадах өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн зарчимтай залуу.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал:

-Лодойсамбууг УИХ-д сонгох 3 шалтгааныг би хэлье. 1-рт, УИХ-д хяналт тогтоож чадна. 2-рт, хуулийн амин сүнсийг ойлгож, иргэдийн амьдрал руу чиглэсэн хууль батлуулахад гар бие оролцож чадна. Тэр дундаа манай хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулахад Лодойсамбуугийн үг, үйлдэл харагдах байх аа. 3-рт, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индэр нь Лодойсамбуу байх болно оо.

ТВ9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг:

-Сэтгүүлч гэдэг чинь өөрөө их үнэ цэнэтэй юм л даа. Сэтгүүлч, хөтлөгч хоёр чинь хоорондоо их олон ялгаатай. Сэтгүүлч УИХ-д орж шийдвэр гаргалцана гэж ойлгоод, бид дандаа хөтлөгч нарыг л голдуу явуулсан шүү дээ, яг үнэндээ. Лодой бол жинхэнэ сэтгүүлч. Сэтгэдэг, эрдэг ухдаг, шийдэл, гарц гаргалгаа хайдаг. Ер нь асуудлыг мухарладаг. Зүгээр л Монголын төр хяналттай болно. Хариуцлага гэдэг үг жинхэнэ утгаараа амилна. Хяналт, хариуцлага гэдэг хоёр үг амилж, биежсэн байхад, олон асуудлын учир зангилаа тайлагдана. 4 дэх засаглал гэх нэр төдий явдаг энэ нөхцөл байдал биежих боломж. Би тэгж л харж байна.

ТВ5 телевийн Улс төрийн мэдээллийн албаны дарга А.Болдсайхан:

-Миний хувьд Лодойсамбууг дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн иргэн. Яагаад Их хуралд сэтгүүлч хүн хэрэгтэй юм бэ гэдгийг бид сайн мэддэг. Нөгөөдүүл чинь Шинэ жилээр, наадмаар биднийг баярлаж байхад нэг хууль баталчихдаг. Түүндээ  дандаа өөрсдөдөө хэрэгтэй зүйл, заалт оруулдаг. Энийг ухаж гаргаж ирэх, энийг уншиж судлаад, олон нийтэд хүргэх, эд нар ийм юм хийгээд байна шүү гэдгийг дотроос нь хэлж өгөх хүн энэ Их хуралд зайлшгүй хэрэгтэй. Үүнийг сэтгүүлч нар л хийдэг. Ялангуяа гаргууд сайн хийдэг хүн бол Лодойсамбуу. Тийм учраас Их хуралд Лодойсамбуу зайлшгүй байх ёстой.