БЕНЗИНИЙ ХАНШ ӨССӨН ДОЛОО ХОНОГТ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮНЭ 0.3 ХУВИАР НЭМЭГДЭВ

GNNGNN
May 29, 2025  
 0
БЕНЗИНИЙ ХАНШ ӨССӨН ДОЛОО ХОНОГТ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮНЭ 0.3 ХУВИАР НЭМЭГДЭВ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ШТС-ууд АИ-92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Бензиний үнэ огцом өссөнд салбарын сайд Ц.Туваан "Үнийн зөвлөлийнхөн тавдугаар сарын 5-нд уулзаад 25-нд дахин уулзаж нөхцөл байдлыг яръя гэсэн боловч нефть импортлогч компаниуд энэ ярианаасаа буцаж гэнэт үнээ нэмсэн. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Манай авдаг нефтийн үнэ нэмэгдээгүй, дизель түлш харин ч тонн тутам 100 ам.доллароор буурсан. Импортлогч компаниуд валютын ханш өссөн учраас АИ92 шатахууны үнийг нэмсэн гэж байгаа. Өнөөдөр Үнийн зөвлөлийнхөн дахин уулзана. Төр, яамны зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй. Бид зөвшилцөж асуудлаа шийддэг. Мөн бид ШӨХТГ-т хандсан байна. Хэрвээ торгууль оногдуулна гэвэл бид дэмжинэ.

Улс төрийн нөхцөл байдал ийм байхад нефть импортлогчид хүлээж болох байсан. Улс төрийн нөхцөл байдалтай давхцуулах шаардлагагүй. Ихэнх импортлогч компаниуд утсаа аваагүй. Шунхлай компани утсаа авч АИ92-оос бусад бүтээгдэхүүний үнийг 200 төгрөгөөр бууруулна гэж хэлж, хэлсэндээ хүрсэн. Шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллана. Нөөц хангалттай байгаа, лавтай нэг сардаа нөөцийн хомсдолд орохгүй” гэх хариултыг өгсөн байдаг.

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Үхрийн ястай мах кг тутамдаа 287 төгрөгөөр өсөж 20482
  • Үхрийн цул мах кг тутамдаа 60 төгрөгөөр өсөж 23424
  • Ургамлын тос 47 төгрөгөөр өсөж 6998
  • Өндөг 3 төгрөгөөр өсөж 609
  • Төмс кг тутамдаа 24 төгрөгөөр өсөж 1383
  • Лууван кг тутамдаа 144 төгрөгөөр өсөж 4080
  • Хүрэн манжин кг тутамдаа 189 төгрөгөөр өсөж 4720
  • Сонгино кг тутамдаа 250 төгрөгөөр өсөж 4820
  • АИ-92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр өсөж 2590 төгрөг болсон байна.

Харин хонины ястай мах 45 төгрөгөөр буурч 17143, ямааны ястай мах кг тутамдаа 675 төгрөгөөр буурч 13307, элсэн чихэр 34 төгрөгөөр буурч 4952, алим 17 төгрөгөөр буурч 7092, дизелийн түлш литр тутамдаа 200 төгрөгөөр буурч 2940 төгрөг болжээ.