Б.ЧОЙЖИЛСҮРЭН "МӨНГӨ ТАРААСАН" ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НЯЦААЖ, МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

GNNGNN
Jun 28, 2024  
 0
Б.ЧОЙЖИЛСҮРЭН "МӨНГӨ ТАРААСАН" ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НЯЦААЖ, МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд,

"Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нь сайт болон “Увсад тавтай морил” Фэйсбүүк группээр дамжуулан УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ өдөр “2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн Сонгуулийн штабаас Завхан аймагт мөнгө тараалаа” гэх огт үндэслэлгүй худал мэдээллийг тарааж байгаа нь дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэрэг юм.

Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө тараагаагүй. Завхан аймаг дахь Цагдаагийн газраас дуудаж уулзсан, тайлбар мэдүүлэг авсан, шалгасан зүйл огт байхгүй болно. Иймд үүнийг Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол…” гэж заасанд хамаарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасанчлан, илтэд иргэн миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

            Гэтэл АН-ын  сонгуулийн штабаас огт үндэслэлгүй мэдээллийг үнэн бодит зүйл мэтээр тайлбарлаж байна. Тухайн мэдээлэлд дурдагдаж буй: 20 сая төгрөгөөр торгуулсан, мөнгө тараасан үйлдэл гаргасан гэвэл тэр талаарх баримтыг олон нийтэд ил болгох ёстой. Гэвч одоог болтол нэг ч баримт гаргаж тавихгүй байгаа нь анхаарал татаж байна.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" хэмээн дурджээ.