АВТОМАШИНГҮЙ ӨДӨР 11 ХЭМИЙН ДУЛААНТАЙ, БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Энэ долоо хоногийн бямба гарагт /2025.09.13/ автомашингүй өдрийг зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Гэвч тухайн өдөр хүйтэрнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 13-нд Улаанбаатарт шөнөдөө 5, өдөртөө 11 хэмийн дулаан байх төлөвтэй. Бороо орох магадлал 60 хувьтай байхаар байна.
2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар:
- 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 11-нд нутгийн хойд хэсгээр,
- 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.