АШУҮИС-ИЙН ЭМНЭЛГҮҮД 110 ТӨРЛИЙН 141 ШИРХЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

GNNGNN
Apr 24, 2024  
 0
АШУҮИС-ИЙН ЭМНЭЛГҮҮД 110 ТӨРЛИЙН 141 ШИРХЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

Өнөөдөр /2024.04.24/ “АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд: 

- АШУҮИС-ийн Төв эмнэлэг 70 төрлийн 87 ширхэг, 

- Нүүр ам судлалын төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг, 

- Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа. 

Энэ төсөл Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 7,5 сая еврогийн санхүүжилттэй төсөл юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлддэг их сургуулийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа нь АШУҮИС-д томоохон дэмжлэг болж байна. Анагаахын сургуулийн тогтолцоог бэхжүүлэх, дан ганц сургалт явуулах биш судалгаа, эрүүл мэндийн үзлэг шинжилгээг цогцоор нь хийдэг болж байгаад баяртай байна” гэж арга хэмжээний үеэр хэллээ. 

Монгол Улс 1963 оноос хойш Австри Улстай дипломат харилцаатай байж, хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэ төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр их сургуулийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.