АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 72 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 858 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 410 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 448 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. ХАСУМ хянуулаагүй томилсон 3 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 6 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 2 албан тушаалтны үйлдэл, мэдээллийг ХАСХОМ-ийн хянан шалгалтаар илрүүлж, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр нарийвчлан шалгаж байна.