АИ-95 БЕНЗИН ДЭЭР ООЧЕРГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМЭН МӨНГӨГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ
Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, сүүлдээ төр, засгийг шүүмжлэх ч үгүй, мөрөөрөө бензин авах гэж оочерлодог болсон байна. Угаас оочерлож байж авдаг мэт хүлцэнгүйгээр нэгдүгээр эгнээнд нэгнийхээ араас урт дараалал үүсгэн дугаарлах боллоо. Өөрт нь хувь үлдэх эсэхийг ч мэдэхгүй өдөр, шөнөгүй зогсож байж сая нэг аз нь таарвал АИ-92 авч байна.
Нэг хэсэг буюу бензиний үнэ өнөөдрийнх шиг нэмэгдээгүй байхад АИ-92 байна уу, АИ-95 байна уу, евро, энгийнгүй оочер ихтэй байлаа. Учир нь бензиний төрлүүд хоорондын үнийн зөрүү 500-1000 төгрөг байсан. Хамгийн гол нь нийт бензиний үнэ өнөөдрийнхөөс даруй 1000-1500 төгрөгөөр хямд байсан учраас оочер дараалал энгийн, еврогүйгээр их байжээ. Гэхдээ одоо буурчихсан зүйл огт байхгүй. Харин хэт өндөр үнэ, үнийн зөрүүнээс болоод аль хямд дээр нь илүү урт оочер үүссэн. Бензинийн үнэ 1000-2500 төгрөгөөр огцом нэмэгдчихсэн. 2400 төгрөгийн үнэтэй байсан АИ-92 энгийн бензин одоо 3600 төгрөг болж. Евро гэдэг нь 3500 төгрөг байсан бол одоо 5600 төгрөг болсон байна. Ингээд бензиний төрөл тус бүрийн үнэ нийтлэг нэмэгдсэнээс болоод иргэдийн худалдан авах чадварт ялгарал үүсч эхэлсэн. Үүнийг эдийн засгийн хөшүүрэг гэж онолын талаас нь хэлдэг. Өөрөөр хэлбэл, бензиний төрөл харгалзахгүй үнэ хямд байх үед бүх колонк оочертой байсан. Харин бензиний төрөл тус бүрийн үнийг хэт зөрүүтэйгээр нэмэгдүүлчихээр нэг төрөл буюу хамгийн хямд байгаа АИ-92 дээр ихэнх нь оочерлож байна. Нөгөө талдаа яг одоогийн байдлаар колонкуудад евро, АИ-95 ямар ч оочергүй олгогдож байгаа юм. Үүнээс нийгмийн амьдралын олон зүйл харагдана.
Иргэдэд бензин шиг хэрэгтэй зүйл үнэндээ алга. Ажил, сургууль, эмчилгээ, үйлчилгээ, худалдаа наймаа гээд хөдлөх тоолонд л бензин шаардагдаж байна. Энэ утгаараа бензин л байвал хэн хүнгүй оочергүйг нь сонгоод авчихна даа. Гэтэл тийм биш, аль хямдхан дээр нь өдөр, шөнөгүй оочерлож байна. Жишээ нь, приус-30 маркийн автомашинтай иргэн 2-5 цаг оочерлож, банкаа 140 орчим мянган төгрөгөөр дүүргэх үү, эсвэл ямар ч оочергүйгээр 220 гаруй мянган төгрөгөөр дүүргэх үү гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Ихэнх иргэдийн хувьд хэдэн цаг ч хамаагүй оочерлоод авч л байвал аль хямдаас нь авахыг зорьж байна. Харин мөнгөтэй гэхээс илүү яарч сандарсан үедээ аль оочер багатай атлаа хамгийн үнэтэйг авахаас өөр сонголт иргэдэд алга. Үнэхээр ард түмэн чинь мөнгөгүй байгааг АИ-95 бензин оочергүй болсноос харж болохоор байна шүү, эрх баригчид аа.
Иргэдийнхээ худалдан авах чадварын доройтлоор улс төр хийдэг улстөрчид “Нэг хэсэг оочер нь дийлдэхгүй байсан шатахуун түгээх станцууд одоо алаг цоог оочертой болжээ. Зарим колонк дээр дараалал багасаж байгаа нь бензиний нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой” хэмээн хээв нэг, бүр бахархах аятай мэдээлэх болж. Үнэндээ та нарын тэнэглэлээс болоод нэмэгдчихсэн бензиний үнийг иргэд чинь дийлэхгүй байгаа учраас аль хямд дээр нь хэдэн ч цаг хамаагүй оочерлон зогсож байна. Угтаа АИ-92 болон АИ-95-ын үнийн зөрүү 2000 төгрөг. Өнөөдөр 2000 төгрөгийн талх гэж байхгүй. 2000 төгрөгийн нойлын цаас ч гэж байхгүй шүү. Гэтэл тэр 2000 төгрөгийн төлөө иргэд ажлаа тараад гэртээ харьж, гэр бүлтэйгээ байх цаг хугацаагаа бензинд оочерлон өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Харамсалтай гэхээс илүү иргэдэд үнэхээр мөнгө алга. Мөнгөгүй байна гэдэг бол ядуу байна гэсэн үг. Гэтэл манай сайд, дарга нар “Манай улс ядууралгүй” гэж УИХ-ын чуулганы индрээс зарлаад суухаасаа ичих хэрэгтэй. Иргэдийнхээ ядуу, баяныг ч хэмжиж чадахаа байчихсан төртэй байна гэдэг л харин харамсалтай санагдана. Угтаа ядуурал удамшдаг гэх судалгааг эдийн засгийн Нобелийн шагналт Абхижит Банержи хэлсэн байдаг. Энэ утгаараа үр хүүхдээ, хойч ирээдүйгээ ядуурал гэх удамшлаас таслах үүрэгтэй хүмүүс бол энэ цаг үед амьдарч байгаа та бид юм. Төрийн бодлого ч энэ чиглэл рүүгээ явж байх ёстой байх. Удамшдаг ядуурлыг зогсоохын тулд өнөөдөр амьдарч байгаа иргэдээ мөнгөтэй болгох үүрэг нь харин төрд бий.
Улс орны хөгжлийг төрийн дансанд хэдэн их наяд төгрөг төвлөрснөөр хэмждэггүй. Харин иргэдийнх нь халаасанд хэдэн төгрөг байна, өрхүүд нь ямар орлоготой, бизнес эрхлэгчид нь хэдий хэмжээний ашигтай ажиллаж, хүмүүс нь хэр худалдан авах чадвартай байгаагаар хэмждэг. Тиймээс бид төрийг хэрхэн томруулах вэ, төсвөө хэрхэн тэлэх вэ гэж биш, иргэдээ яаж мөнгөтэй болгох вэ гэж бодлогоо тодорхойлох цаг болсон юм биш үү.
Иргэд мөнгөтэй болбол нийгэм өөрчлөгдөнө. Амьдралын төлөө өдөр хоногийг аргацааж, хэдэн төгрөгөөр саналаа худалдахаас өөр сонголтгүй байгаа хүмүүсийн байр суурь ч өөр болно. Сонгогчид хараат бус, сонголтоо чөлөөтэй хийдэг болно. Сонгууль эрүүлжихийн чинээгээр төрд хариуцлагатай, зөв бодлого гаргах шахалт бий болно. Улс орны хөгжлийн суурь нь ердөө л энэ. Тэгвэл иргэдээ яаж мөнгөтэй болгох вэ. Ажлын байр бий болгож, үйлдвэрлэл хөгжүүлж, байгалийн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлох замаар л тогтвортой орлого бий болгоно. Төсвийн мөнгөөр халамж тараах биш, иргэд өөрсдөө хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, цалин орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн орчныг бүрдүүлэх ёстой. Монголд юу үйлдвэрлэх вэ гэдэг асуултын хариулт ч бэлэн байна. Зэсээ олборлоод баяжмалаар нь экспортолдог хэвээр үлдэх үү, эсвэл зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, цаашлаад цахилгааны кабель, утас, дамжуулагч, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг болох уу? Төмрийн хүдрээ гаргаад байх уу, эсвэл Дархан-Сэлэнгийн төмрийн хүдрийн орддоо түшиглэн гангийн үйлдвэр байгуулж, арматур, төмөр хийц, төмөр замын рельс үйлдвэрлэх үү? Тавантолгойн нүүрсээ зөвхөн түүхийгээр нь гаргах уу, эсвэл кокс, химийн бүтээгдэхүүн, нүүрснээс гаргаж авах бусад түүхий эдийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх үү? Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуусгая. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулъя. Жоншоо түүхийгээр нь гаргахын оронд химийн боловсруулалт хийж, фторт бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Ноолуур, ноосоо угааж, самнаад экспортолдог бус, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болъё.
Мах, арьс шир, сүүгээ боловсруулж, дотоодын зах зээлээ хангаад, гадагшаа борлуулъя. Эдгээр нь хийсвэр санаа биш шүү дээ. Төрөөс өмнө нь ярьж, бодлогын баримт бичигтээ тусгаж ирсэн төслүүд. Эрдэнэтэд зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн цогцолбор, Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрс-химийн үйлдвэрлэлийн төслүүдийг аль хэдийнэ ярьж эхэлсэн. Одоо ярих биш, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны шаардлага, санхүүжилтийн тооцоогоо бодитой гаргаад хэрэгжүүлдэг болмоор байна. Иргэд чинь хоёрхон мянган төгрөг илүүчлээд оочергүйгээр бензинээ авах чадал ч алга.
Нөгөөтэйгүүр, Монголын баялаг зөвхөн томоохон ордуудад төвлөрөөгүй. Сум, орон нутаг бүрд байгаа ашигт малтмалын нөөц, боломжийг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Алттай бол алтаа, жонштой бол жоншоо, нүүрстэй бол нүүрсээ, бусад ашигт малтмалтай бол түүнийгээ хууль ёсны дагуу, байгаль орчны нөхөн сэргээлттэй, хяналттай ашиглаж, боломжтойг нь орон нутагтаа боловсруулж борлуулъя. Үүний өгөөжийг тухайн сумын иргэд, орон нутгийн бизнес эрхлэгчид хүртдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Үүнийг нь бодлогын хувьд төр дэмжээд явдаг, чөдөр тушаа болоод байгаа зөвшөөрөл, элдэв хориглосон хууль, журмаа нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.
Э.МӨНХТҮВШИН
